Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ц.ЭНХБОЛД: ЭНЭ ОНД БИД УНДНЫ УСНЫ АСУУДЛЫГ ЦОГЦООР НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

2017-02-10

Гурванбулаг сумын Засаг дарга Ц.Энхболдтой ярилцлаа.  Тэрээр 2016 оны аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд Гурванбулаг сумаас сонгогджээ.

 

Та сумын Засаг дарга болохоос өмнө ямар ажил хийж байсан бэ?

 

Би Ногоон алт төслийн зохицуулагчаар таван жил ажиллаж байгаад сумын Засаг даргын албыг хүлээж аваад байна.

 

Сум орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн байдал, иргэдийн аж амьдралтай танилцсан байх. Бодит нөхцөл байдал ямар байна вэ?

 

Нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал ард иргэдийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлсэн байна. Хүмүүс аливаа асуудлыг зөв болон буруу талаас нь тунгаах, бодитой үнэлэлт дүгнэлт өгөх, өөрийн болон үр хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндэд анхаарах гээд олон асуудалд тойм ерөнхий байдлаар хандах болсон. Нийтлэг ажиглагдаж байгаа сэтгэлгээний эдгээр асуудалд өөрчлөлт оруулж байж бид дараагийн томоохон хөгжлийн үнэт зүйл, хүчин зүйлсийг шат дараатай бодлогоор хэрэгжүүлэх ёстой гэж харж байгаа юм. Тиймээс иргэдээ мэдлэгжүүлэх, тэдний үр хүүхдүүдийн эрүүл мэнд боловсролд анхаарах, нийгмийн халамж үйлчилгээг сайжруулах гээд олон талт ажиллагаа явуулахаар сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгаад ажилаа эхлүүлээд байна. Бид мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлээ боловсруулахдаа аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, энэ онд хэрэгжүүлэхээр баталсан үндсэн чиглэлтэй уялдуулах талаас нь их анхаарсан. Бодлогын нийлэмжтэй байдал, аймаг, сумын хамтын ажиллагаа нь бидний ажлын амжилтын үндэс байх учиртай юм.

Энэ арга туршлагыг бид сумынхаа хэмжээнд мөн сайжруулж, хамтын хөдөлмөр бүтээлийг онцгойлон авч үзнэ.



Аймгийн бодлоготой уялдаа холбоогоо сайжруулсан талаар хэлж байна. Тодруулахгүй юу?

 

Бид аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэлтэй сумын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийг нягт уяж өгсөн. Мэдээжийн хэрэг төрийн залгамж чанарыг хадгалах үүднээс өмнөх Засаг даргын хийж хэрэгжүүлж байгаад дутуу үлдээсэн ажлуудыг гүйцээх бодлогыг ч барьж байгаа юм.

 

Энэ жил бид Гурванбулаг сумынхаа ундны усны асуудлыг цогцоор нь шийдэх асуудлыг тусгалаа. Мөн халуун усны барилга байгууламжийг барьж байгуулах ажлыг төлөвлөсөн. Энэ ажлууд бүгд аймгийн бодлоготой улядсан. Нөгөө талаар Засгийн газраас батлагдан гарч буй хөтөлбөрүүдийг сумын хэмжээнд, өөрийн суманд хэрхэн хэрэхгжүүлэх тал дээр анхаарч дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг гаргаад ажиллаж байна.

 

Сум өөрийн орлогоо хэрхэн бүрдүүлж, нэмэгдүүлж байна?

 

Манай сумын тухайд уул уурхайгаас татвар хэлбэрээр орж ирж буй орд одоогоор байхгүй. Харин уурхайтай хамтран ажиллах гэрээний хүрээнд өмнө онд ЗДТГ-ын байрыг уул уурхайн компаниар бариулсан. Энэ оны тухайд хүнээ хөгжүүлэх, иргэдээ дэмжих чиглэлээр тухайн компаниас 30 сая төгрөгийг шийдвэрлүүлэхээр ярилцаад байна. Энэ оны тухайд бид хамтын ажиллагааны гэрээг шинэчилж, сумандаа хөрөнгө оруулалт, нийгмийн чиглэлэийн санхүүжилтыг авах нь зүйтэй гэдэг байр суурийг баримталж байна.



Малын тоо толгой өссөн үзүүлэлттэй байгаа. Гэвч мал аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байгаагаас иргэд бэлэн мөнгөний хомсдолд ороод байгааг хөдөөгийн малчид ярих боллоо. Малын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, малчны аж амьдралыг дээшлүүлэхэд хэрхэн анхаарч байна?

 

Манай сумын түвшинд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрийг ажиллуулах, ашиглалтад оруулах, мал аж ахуйгаас нөхөгдөн бий болдог сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах замаар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх ажлыг хийхэд анхаарч байгаа юм. Энэ хүрээнд 2017 онд сүү боловсруулах үйлдвэр оруулах анхан шатны ажлыг хийнэ.

 

Нөгөө талаар манай сумын сэрүүн уурь амсгалаас хамаарч мал өөрөө таваарлаг байдаг. Гэхдээ малын үүлдэр, угсааг сайжруулахад төрөөс төдийгүй малчид маань ч анхаарч ажилласан. Сүүлийн жилүүдэд төрөөс хамаарахгүйгээр малчид маань өөрийн хөрөнгөөр малын чанараа сайжруулах болсон. Манай сумын малчид хонио баяд үүлдэр, омгийн хуцаар, ямаагаа бөмөгөрийн улаанаар сайжруулж байна. Манай сумын сарлаг нь өөрийн сумынхаа цаг уур, нутаг бэлчээртээ тохирсон, онцлог шинжтэй байдаг. Энэ чанараар нь цааш нь хөгжүүлж, өсгөх нь зүйтэй гэдэг дээр бид анхаарч байна.

 

Малын бэлчээрийн маргаан их байна. Танайх шиг бусад аймгийн сумдтай хил залгаа сумын тухайд нөхцөл байдал ямар байна?

 

Түүхэн талаасаа манай сумын хил зааг нэлээд тэнүүн. Гэтэл сүүлийн жилүүдэд Завхан аймгийн Отгон, Их-Уул, Архангай аймгийн Хангай зэрэг хил залгаа сумдаас мад оторлож орж ирэх нь түгээмэл болсон. Тиймээс энэ жил бид сум орон нутагтаа багтаж өвөлжинө, ингэхдээ гадны сумдаас отор авахгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Малчдын тухайд ч зуны цагт хил хязгаарын бэлчээрээр зусах, энэ ажилд хамтын зохион байгуулалтай орж, бэлчээр нутгийг өнжөөх, сэлгээх чиглэлд анхаарч ажиллаж байгаа юм. Манай сумын бэлчээрийн даац хэвийн, хэтрэлтгүй байна.

 

Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд сум орон нутгийн хөгжилд чухал түлхэц болох бололцоотой байдаг. Танай сумын хувьд тойргоос сонгогдсон гишүүнтэйгээ хэрхэн хамтран ажиллаж байна?

 

Бид маш ойр дотно ажиллаж байгаа. Учир нь УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир манай сумын уугуул, нутаг амьтай хүн бий. Тиймээс бид энэ хүний хүч, хөдөлмөрт суурилж сум, орон нутагтаа томоохон ажлыг хийхээр болсон. Тухайлбал, энэ онд өмнө хэлсэнчлэн ундны усны асуудлыг цогцоор нь шийднэ.

 

Үүнийг шийдэхгүй бол манай сумын иргэд 8 км зайтай газраас таван тоннын багтаамжтай усны машинаар усаа зөөх байдлаар хэрэглэж байна. Усны машин маань өвөлдөө энэ байдлаасаа болж хүрэлцдэггүй. Нэгэнт хэрэгцээ байгаа учраас иргэд маань нэг портер мөсийг 25-30 мянган төгрөгөөр худалдан авдаг. Энэ асуудал шийдэгдэлгүй өнөөдрийг хүрсэн. Тэгэхээр бид энэ онд усан сангийн тоо, усны машины тоог нэмэгдүүлэхээр ажиллана. Яваандаа усны хоолой татах, шугам сүлжээг бий болгох ажлыг судалж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

 

Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг малчдын гар дээрээс авч, зах зээлд борлуулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд байнгын хамтарч байна. Олон жилийн улс төр, бизнесийн туршлагатай хүн УИХ-ын гишүүн болсон учраас бидний хувьд ч тодорхой ажлууд дээр зөвлөгөө авах, дэмжлэг хүсэхэд давуу талыг олгож байгаа юм.

 

 Сумын хэмжээнд ажилгүйдэл ямар хэмжээнд байна вэ?

 

Манай сум 2200 гаруй хүн амтай. Жилд байнгын ажлын байр арав, түр ажлын байр дунджаар 45-50-ыг бий болгож байгаа. Сумын төвд амьдарч байгаа хүмүүсийн тухайд ажлын байраар хангах, байнгын ажлын байртай болгох ажил нэн чухал. Тийм учраас нэн тэргүүнд ахуйн үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулж, 9-12 хүнийг байнгын ажлын байраар хангахаар төлөвлөсөн. Ирэх гуравдугаар сараас ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

 

Сум эдийн засгийнхаа боломж бололцоог нэмэгдүүлэх, өөрийн нөөц бололцоогоор орлогоо өсгөх ямар ажлыг санаачилж байна вэ?

 

Манай сумын эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй. Нөгөө талаар байгалийн баялаг ихтэй, өндөрлөгт оршдог, Баянхонгор аймгийн хамгийн хойд сум. Эдгээр онцлогийг дагаад аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг барьж байна. Аялал жуулчлалын тодорхой маршрутыг бий болгож, түүнийг дагасан худалдаа үйлчилгээг бий болгох замаар иргэдээ ажлын байраар хангах бололцоо байгаа юм. Тухайлбал, Хөх нуур, Гэр асга, Морин мөрт зэрэг байгалийн үзэсгэлэнт, түүх дурсгалын газрыг дагасан маршрут гаргах бололцоо байгаа. Энэ ажил ч сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан.


Эх сурвалж: bayankhongor.gov.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%