Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өнөөдөр төлөөлөгчийн үнэ цэнэ, нэр хүнд байхгүй байна

2016-05-12

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Тамжаагийн Бат-Очиртой хийсэн ярилцлагаор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Тамжаагийн Бат-Очиртой хийсэн ярилцла

Асуулт: Та өөрийгөө болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын( ИТХ-ын) талаар товч танилцуулна уу?

Хариулт: Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр 2012 онд сонгогдсон. Баацагаан сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 2008-2014. Баацагаан сумын 3-рт багийн Засаг даргаар ажиллаж байсан.  Баацагаан сумын уугуул иргэн.  Баянхонгор аймгийн ИТХ нь  41 төлөөлөгч, 10 тэргүүлэгч, 4 хороотой. 

Асуулт: Та Баацагаан суманд төлөөлөгчөөр сонгогдож байсан юм байна. Сумын төлөөлөгч байхдаа ямар ажлуудыг амжуулсан бэ?

Хариулт: Манай сум 7 багтай. Жилд арваас доошгүй удаа багуудаар явж, иргэдтэй уулзан санал хүсэлтийг сонсон баг дээр ажилладаг. Жил бүр сумын 7 багийн иргэдийн нийтийн хуралд оролцдог. Баацагаан суманд хөдөлмөр эрхлэж байгаа иргэдийн 90 гаруй хувийг малчид эзэлдэг. Хөдөө орон нутагт яригддаг бол өвөлжөө, хаваржаа, худгийг хэн эзэмших талаарх асуудал мөнхийн маргаантай сэдэв байдаг. Сум хоорондын хилийн цэсийн асуудал их хүндрэлтэй. Энэ олон жил яригдаж байгаа асуудал юм.
Төлөөлөгч хүний хувьд, энэ талаар хурал зөвлөгөөн бүр дээр олон удаа иргэдийг төлөөлж үг хэлж байсан. Малаа дагаж амьдардаг Монголчуудын гол шийдэх асуудал бол хилийн цэс учраас сум, багийн хилийн цэсийн асуудал малчдын дунд их маргаантай байдаг.
50,60 онд хилийн цэс гэж нарийвчлан тогтоосон хууль эрхзүй байгаагүй. Аман яриагаар энэ өвөлжөө энэ орчимд манайх хэдэн үеэрээ амьдарч байсан гэдэг. Гэтэл хилийн цэс тогтоогоод ирэхээр нэг гэр бүлийн өвөлжөө, хаваржаа, намаржаа нь хуваагдаад өөр өөр сум, багийн харъяалалд орсон. Өнөөдөр Монгол улсад бэлчээрийг өмчилж, хувьчлаагүй байгаа. 
Бэлчээрийн маргаан их гарч байна. Өөр сумын нутагт малаа бэлчээхэд малын хөлийн татварын маргаан бас л гардаг. Сонгогдсон төлөөлөгч өөрийн сонгогчдын эрх ашгийг хамгаалан бэлчээрийн маргааныг шийдвэрлэх гэж оролдоход өөр сумын малчдын эрх ашиг хөндөгддөг. Малчид нь өөр өөр сумын харъяалалттай боловч нэг бэлчээртэй өнөөгийн тогтолцоонд нэгнийхээ малыг хөөж, туух, хэрүүл маргаан гаргах зэрэг Монгол хүнд байж боломгүй жудаггүй зан авир гарах тохиодлууд заримдаа байдаг. Энэ бүх асуудлын төлөө их явсан, одоо ч явж л байна. 

Асуулт: Бэлчээр, худаг усыг булаалцах явдал их байдаг юм байна. Энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар та ямар бодол, саналтай байдаг вэ?

Хариулт: Бэлчээрээс гадна хөдөөд худаг, усыг булаалцалдах явдал их байна. Өмнө нь тухайн малчин тодорхой хувь гаргаж худаг гаргадаг байсан. Одоо иймэрхүү худгийг анх хувь оруулсан малчин нь бусдад хэрэглүүлэхгүй амин хувиа бодон ганцаараа хэрэглэж байгаагаас хөдөөд хэрүүл, зарим тохиолдолд зодоон ч гарч байна.  
Энэ асуудлыг зохицуулахад төрийн холбогдох байгууллагууд тухайлбал, хөрөнгийн бүртгэл, газрын алба зэрэг байгууллагууд хамтарч тухайн орон нутагт малчдад хөрөнгө, газар эзэмшлийн талаар ухуулга, яриа, танилцуулга хийж баймаар байна. Түүнчлэн хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй байна. Баянхонгор аймгийн хөгжлийн бодлогод энэ талаар асуудал орсон байгаа. 

Асуулт: Хөдөөд нутгийн удирдлагын байууллагын талаарх иргэдийн ойлголт, оролцоо ямар байна вэ? 

Хариулт: Багийн иргэдийн нийтийн хуралд дээр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хөдөөд юу хийх вэ гэхээр худаг гаргуулна гэдэг. Тухайн багт ах дүү, хамаатан садангаар олуулаа байгаа хүмүүс олонхоор гар өргөн худгийн асуудлыг шийдвэрлүүлдэг. Гэтэл нөгөө худаг гаргана гэсэн газарт нь ус гарахгүй тохиодолдол байдаг.  
Төлөөлөгч бүх асуудлыг шийдэж чадахгүй. Үндсэн хууль, нэгжийн хуулийн заалтаар бол уг нь төлөөлөгч хүн их эрх мэдэлтэй. Гурван мянган хүнийг төлөөлж байгаа төлөөлөгч юм чинь тэдний төлөө их зүйлийг хийх шаардлагатай байдаг. Гэтэл өнөөдөр төлөөлөгчийн үнэ цэнэ, нэр хүнд байхгүй байна. Өөрийн бланк дээр асуулга тавиад хариу авах эрхтэй. Гэтэл ялангуяа төрийн байгууллагууд хариу өгдөггүй. Энэ тохиолдолд хариуцлага гэж юм алга байна. 

НӨУБ бол ардчилсан нийгэмд хамгийн гол үүрэгтэй байгууллага байх ёстой. Ардчиллын хоёр хэлбэр байдаг. Багийн Иргэдийн нийтийн хурал бол иргэдийн шууд оролцоо мөн. Орон нутгийн хөгжлийн сангаар ямар ажил хийхээ хамтаараа шийдэж байгаа чинь шууд ардчилал юм.
Төлөөлөгчөөр дамжуулан төрийн төлөөллийн эрхийг хэрэгжүүлэхэд төлөөлөгчдийг чадвар их нөлөөтэй. Өнгөрсөн онд НҮБ-ын "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд би сургагч багш болсон. Төлөөлөгчдийг чадавхжуулах талаар нилээд ажил хийж байна. Аймгийн төлөөлөгч, тэргүүлэгчид, сумдын ИТХ-ын дарга нарт тус бүр нэг удаа сургалт хийсэн. 
Төлөөлөгч нар харилцан адилгүй өөр өөр мэдлэг боловсролтой байдаг. Зарим нь их мэрийлттэй,заасан хичээлийг сайн олгож авдаг, зарим нь огт сонирхохгүй. Хөдөөд дөрвөн жилд хэдхэн удаа л хуралдаа суусан төлөөлөгч нар олон байдаг. 

Асуулт: Аймаг, сумын ИТХ-аас Сум хөгжлүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтанд хир хяналттай ажилладаг вэ?

 Хариулт: Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр олгодог. Сангаас зээл авсан зарим нь үр дүнтэй байдаг, зарим нь юу ч хийгээгүй байдаг. Сайн жишээ гэвэл Баацагаан суманд сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд  талх боорцог, бялуугаа суманд хийдэг болж улмаар зэргэлдээ суманд экспортлодог болсон.Түүнчлэн сумынхаа малчдаас ноосыг нь авч, эсгий хийдэг жижиг үйлдвэртэй болсон.

Асуулт: Ер нь Баянхонгор аймгийн онцлог юу байдаг вэ, хүн ард нь  хир ажилсаг вэ,  шилжилт хөдөлгөөн ямар байна вэ, иргэдийн өмнө тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн шийдэж байна вэ? 

Хариулт: Баянхонгор аймаг говь, хангай, тал хээрийн бүсэнд багтдаг.  Баацагаан сум говь, тал хээрийн бүсэнд хамрагддаг. Баацагаан суманд говийн ганц нуур Буй цагаан нуур байдаг. Их зохиолч, яруу найрагч Б.Лхавгасүрэнгийн өлгий сум. Сумаас шилжих хөдөлгөөн ойрын 3 жил тогтвортой байгаа цаашид бүр тогтвортой болно. 

Сумын онцлог гэвэл  газар нь огт хөндөгдөөгүй. Сумын эдийн засгийг авч яваа салбар бол мал аж ахуй, түүн дотроо  ямаа. Улсын хэмжээнд олон ямаатайгаар 2- рт ордог. Манай сум 310 000 гаруй ямаатай.  

Малчдын өмнө тулгарч байгаа дээрх бэрхшээл маргааныг төлөөлөгч хүний хувь аль болох хурдан зохицуулах талаар байнга л ярьж явдаг. Манай малчид цаг наргүй ажилладаг ажилсаг ард түмэн. Малчин хүн жилийн 365 хоног нэг өдрийн ч амралтгүй ажилладаг хүмүүс. Зарим хүмүүс малчдын мал нь өөрсдийнхөн хувийн мал байтал улсаас яагаад төрөл бүрийн халамжийн үйлчилгээ үзүүлээд байдаг юм гэж шүүмжилдэг. Мал хэдий хувийн ч гэсэн энэ Монголын ард түмнийг хэн хооллож байна вэ. Малчид л бидний хоол хүнснийг залгуулж байна. Монгол хүнийг нэг өдөр махгүйгээр төсөөлхөд хэцүү биз дээ. Тэгээд л  мал төрийн хамгаалалтанд байдаг. 

Асуулт: Төвлөрлийг сааруулан, орон нутагт эрх мэдэл бүрэн шилжвэл та хамгийн түрүүн юу хийх вэ?

Хариулт: Баянхонгор аймгийн хувьд  татвар төлөгч нар цөөхөн байдаг. Тиймээс орон нутагт бага мөнгө төвлөрдөг болохоор төсвөөс хараат байгаа юм. Өөрсдөө орлого бүрдүүлэх, татвар нэмэгдүүлэх ямар арга  зам байна уу гэдгийг л хамгийн түрүүн судлана даа. Хөрөнгө оруулалтыг иж бүрэн хийж, хөдөөгийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж, хөдөөгийн малчид хананаасаа халуун ус авдаг л болгохыг хүсэж байна. Дараа нь олон олон ажлуудыг хийнэ гэж боддог.

Асуулт: Аймгийн ИТХ  ажлын тайлангаа иргэддээ яаж тайлагнадаг вэ?

Хариулт: Хийсэн ажлаа тайлагнана гэдэг чинь хамгийн том баяр байх ёстой. Иргэд нь дарга нар юу хийсэн гэдгийг өөрсдөө сонирхож ирдэг байх ёстой, дарга нар нь ажлын тайлан гээд олон хуудас цаасыг индэр дээрээс уншдаг хуучин арга барилаа өөрчилж баг, хороо, гудамжинд очиж тайлангийн хурлаа хийж, хийсэн бодит ажлаа үзүүлдэг ийм л систем байгаасай гэж би хүсдэг. Одоогийн байдлаар аймгийн ИТХ-аас аймгийн төлөөлөгч нарыг тойрогт нь ажиллуулахад тодорхой зардал төсөвлөж өгдөг. Аймгийн төлөөлөгч нар ажлын хэсэгт хуваагдан, жил бүрийн 10 дугаар сард төрийн байгууллагуудтай хамтран бүх баг, сумаар очдог. Түүнчлэн лавлах утас, цахим сайт, хэвлэмэл ном, сонин, брошур тараадаг. 

Харин сумын төлөөлөгч нарт төсөв байхгүй гэдгээр их хойрог байдаг. Гэтэл нийслэлийн төлөөлөгч нар хэдэн төгрөгийн төсөвтэй байдгийг хүн бүхэн л мэднэ. Төлөөлөгч хүнийг чинь Улсын Их Хурлын гишүүн шиг хүн бүр л хүүхдийн сургалтын зардал, эмчилгээний зардал, түлээ, нүүрсний мөнгө гэх  мэт их л юм  гуйж орж ирнэ.  
Ер нь  НӨУБ-ын нэр хүнд муу байдаг нь төлөөлөгчдийн төсөвтэй бас шууд холбоотой. Мөнгө хөрөнгөтэй хүмүүс сонгогдож гарч ирснийхээ дараа чин сэтгэлээсээ иргэд рүүгээ ханддаг уу, тэдний хандлага тэр бүр бас сэтгэлд хүрдэггүй. Үнэхээр нутаг орноо хөгжүүлье гэсэн мэдлэг боловсролтой хүн байсан ч тэр хүн мөнгөгүй болохооор сонгогдож гарч ирж чадахгүй байна.
Төлөөлөгч бид нар ч ард түмэндээ тоогдмоор байна ш дээ. Төлөөлөгчдийн нэр хүнд боловсролоос бас их шалтгаалж байна. Хөдөөгийн иргэдтэй уулзаад явж байхад төлөөлөгч нарын боловсрол бага байгааг иргэд их шүүмжилдэг. Тэгэхдээ үндсэн хуулиар сонгох сонгогдох эрхтэй, төлөөлөгчдийн чадварын талаар олон жил  л ярьлаа. Хэн хаана энэ асуудлыг шийдэж өгөх ёстой вэ гэхээр түрүүчээсээ УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр санаачилан сургалтууд хийж байна. Нөгөө талдаа иргэд хэнийг сонгох вэ гэдэг нь нээлттэй үлдэж байна.


Ярилцлага өгсөнд танд баярлалаа, ажлын амжилт хүсье. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%