Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Д.Ширмэн: Бид юу хийж чаддагаа тодорхой болгох нь маш чухал

2016-02-03

Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласан. Мөн Баянхонгор аймгийг дунд хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан юм. Баялаг бүтээгчдийг орон нутгийн удирдлагын зүгээс хэрхэн дэмжиж ажиллах, орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрийн талаар аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэнтэй уулзаж, ярилцлаа.

-Баянхонгор аймаг 2016 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан шалтгаанаас ярилцлагаа эхэлье?

-Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас 2015 онд Баянхонгор аймгийг дунд хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийг баталж, аймгийн эдийн засгийн үзүүлэлт дээр судалгааны ажил хийсэн. Энэ ажлын үр дүнгээс үндэслэж баялаг бүтээж байгаа иргэдийг дэмжиж, үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй бол  орон нутгийн төсөвт дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх байр суурь зөвхөн үйлчилгээний хүрээнд явж байгааг анзаарсан. Тиймээс баялаг бүтээгчдийг дэмжиж тодорхой бодлого, шийдвэрийг гаргах нь зөв гэж үзэн 2016 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан.

-Та сая яриандаа дурдлаа. Зөвхөн үйлчилгээний салбар зонхилж байна гэж хэлсэн. Үүний шалтгаан нь юу байна?

-Баянхонгор аймгийн 2014 оны  дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 227 тэрбум төгрөг байсан. Үүний 53.3 хувь хөдөө аж ахуй, 44 хувь нь үйлчилгээний салбар, 1.7 хувь нь нэмүү өртөг шингээсэн буюу баялаг бүтээгчид эзэлж байсан. Хөдөө аж ахуйн салбараас зөвхөн мах, сүү, арьс шир, үс ноосыг л худалдан борлуулж байна. Бид юм хийж бүтээхгүйгээр зөвхөн үйлчилгээний салбараар хумигдаж байж. Хөдөө аж ахуйн салбарын 53 хувийг нэмүү өртөг шингээгээд эцсийн бүтээгдэхүүн болговол ямар өөрчлөлт гарах нь тодорхой. Гэтэл социализмын үед мал аж ахуйн салбараас 1500 орчим төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байсан. Хамгийн наад зах нь нэхий элдээд дээл хийж өмсдөг хүн байхгүй байна. Гэрийн бүрээс гэхэд л сарлагийн саваг биш хятадын мяндас байдаг. Тийм учраас өрх бүр үйлдвэрлэгч болох цаг ирсэн.

-Баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарлачихлаа. Хамгийн гол нь хэрхэн яаж дэмжиж ажиллах нь чухал шүү дээ?

-"Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласан гээд хэсэг хүмүүс баахан зээл, тусламж өгнө гэж ойлгож магадгүй. Бид юуг үйлдвэрлэж, хийж чадахаа тодорхойлох хэрэгтэй. Нэгдсэн бодлого, зохицуулалтгүйгээр явахгүй бол хэн дуртай хүн хүссэн бүхнээ хийгээд байж болохгүй. Өнгөрсөн 25 жил бид ийм л зарчмаар явлаа. Аль бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг өсгөх, хүнсний ногоо тариалах, аж үйлдвэрийн паркаа байгуулах гэдгээ бодлогоор гаргаж ирж хүн бүхэн сэтгэл зүрхнээсээ хандах хэрэгтэй.

-Хамгийн анхны ажлын гараа юунаас эхлэх вэ?

-Бид хөгжлийн хөтөлбөрийг гаргах болсон нь сонин шалтгаантай. Нэг яам сайд, Засаг солигдоход бодлого, чиглэл нь өөрчлөгдөж байдаг. Тэр өөрчлөлт орон нутагт хамгийн хүндээр тусдаг. Улс төрийн намын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөөр тоглуулж явснаас өөрсдийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж баталсан. Иргэн бүр энэ хөтөлбөрийн мөн чанарыг ойлгосноор бидний ажил үр дүнд хүрнэ. Хамгийн эхний ажил бол иргэн, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажил юм. Манай аймаг 2014 оны эцсээр 24482 өрхтэй гэж бүртгэгдсэн. Эдгээр өрх бүр үйлдвэрлэгч байх ёстой. Хүнийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд 10-20 жилийн дараа үр дүн нь гарч магадгүй. Гэсэн хэдий ч бид боловсрол, эрүүл мэнд, ёс зүйн асуудлыг төлөвшүүлж, хүний оюун ухаанд суулгаж өгөх хэрэгтэй.

-Хөгжлийн хөтөлбөрт зургаан үндсэн зорилтыг дэвшүүлсэн байна. Эхнийх нь хүнээ хөгжүүлэх гэж хэллээ. Үлдсэн зорилтуудын талаар танилцуулахгүй юу?

-Монгол улсыг өдийг хүртэл тэжээж ирсэн нь мал аж ахуйн салбар. Бидэнд экологийн цэвэр бүтээгдэхүүн байна гэж ярьдаг ч түүнийг яаж дэлхийн зах зээлд гаргах талаар юу ч хийсэнгүй. Монголын мал, махыг дэлхийн зах зээлд гаргахад хэн ч хүлээх авахгүй байна. Тиймээс малыг эрүүлжүүлэх асуудал тулгарч байна. Үүнээс ч олон асуудал байгаа. Баянхонгор аймаг газар тариалангийн туршлагагүй. Тиймээс газар тариаланг хөгжүүлбэл мал аж ахуйн салбарын нэг асуудал болох бэлчээр болон тэжээлийн ургамлыг тариалж болно.

Баянхонгорын брэнд гэдэг зүйлийг бид эх орондоо төдийгүй дэлхийн хэмжээнд гаргах ёстой. Үүний тулд аж ахуй нэгж, өрх цаашлаад иргэн бүрийн оролцоо чухал. Тиймээс шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай. Энэ бол бидний хамгийн гол зорилт. Дараагийн зорилт бол байгаль орчны хамгаалал буюу ногоон эдийн засаг. Газрын дээр болон доор байгаа баялагаа байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр ашиглах болон аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтыг тусгасан. Бид байгалийн баялаг ихтэй ч зөв зохистой бодлогыг гаргах хэрэгтэй. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох ёстой.  Бидэнд байгаа боломж нь говь, хангай, тал хээр хосолсон нутаг байгаа. Төв Азиас олдсон хамгийн эртний буюу 750-800 мянган жилийн түүхтэй хоёр олдвор байна. Дэлхийн хамгийн халуун рашаан гээд гээд олон зүйлийг нэрлэж болно. Гэхдээ гадаадын гэхээс илүү дотоодын аялагчдыг татах ажлыг хийх хэрэгтэй. Мэдээж дэд бүтцийн хөгжил хэрэгтэй. Инженерийн шугам сүлжээ, зам барилгын хөгжил зайлшгүй чухал. Төр өөрийн хөрөнгөөр тодорхой бүс нутагт хийх шаардлагатай.

Хамгийн сүүлийн зорилт нь төрийн албатай холбоотой ойлголт. Төр өөрөө нээлттэй, чадвартай, нэр хүндтэй байж иргэдийн итгэлийг олж авдаг. Тийм учраас төрийн албыг чадваржуулах, тогтворжуулах гэсэн асуудлыг тусгасан.

-Дэвшүүлсэн хөтөлбөрөөс харахад орон нутаг хөгжих ирээдүйтэй харагдаж байна. Харин одоогийн байдлаар Баянхонгор аймгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?


-Баянхонгор аймгийн өрсөлдөх чадвар, эдийн засгийн үзүүлэлт гээд бусад зүйлээрээ улсын дундаж үзүүлэлтээс доогуур байгаа. Бүх үзүүлэлтээр хэрхэн урагш алхах вэ гэдэг зөв гаргалгааг хийх ёстой. Тодорхой хугацааны дараа хүрэх амжилт нь бидний гол зорилт юм.

-Ихэнхи аймгууд өөрсдийн онцлогт тулгуурласан хөгжлийн бодлогогүйгээс хөгжил нь удааширдаг болов уу. Хамгийн наад захын зорилт хэдэн жилийн дараа үр дүнгээ өгнө гэж тодорхойлж байгаа вэ?

-Хамгийн эхний зорилго бол импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх. Үүний дараа бид бусад зах зээлд бүтээгдэхүүн гаргах боломжтой болно. Энэ хөгжлийн хөтөлбөрийг цэцэрлэгийн наснаас эхлэн хүний оюун ухаанд суулгаж өгч байж үр дүн нь гарч эхэлнэ.

-Баянхонгорчууд дотооддоо үйлдвэрлээд эхлэхэд гаднын зах зээлийг хаах асуудал гарч ирнэ. Энэ тал дээр ямар бодлого баримтлах вэ?

-Орон нутагт үйлдвэрлэл эрхлэх бүх асуудлыг орон нутгийн удирдлагийн зүгээс дэмжинэ. Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн таалагдаж эхэлбэл үйлчилгээ явуулж буй байгууллагатай харилцан тохиролцож бодлогоор орон нутгийн зах зээлийг дэмжиж ажиллах юм. Үйлдвэрлэгчээс гадна төр, хэрэглэгчийн оролцоо маш чухал. Бид ижил хэмжээний хариуцлага хүлээх ёстой. Үйлдвэрлэл хөгжөөд эхэлбэл үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах худалдааны төвүүдийг байгуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%