Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ

2015-11-30

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь нэг талаас төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч нөгөө талаас ард түмнийг төртөй холбох гүүр болж байдгаараа анхан шатны нэгж болдог. Нутгийн өөрөө удирдах байгууллагад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдтэйгээ хамтран ажиллах нь чухал юм. НӨУБ-ын үйл ажиллагааг хэрхэн үнэлдэг, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
НӨУБ нь төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч анхан шатны нэгж, нөгөө талаас төр, иргэн хоёрын хоорондын гүүр учраас НӨУБ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо идэвхтэй байх шаардлагатай нь харагдаж байна. Тийм ч учраас төр, НӨУБ- ууд нь ард түмэндээ нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод, ард түмнийхээ санаа бодол ,хүсэл эрмэлзлэлийг өөрийн үйл ажиллагаа, шийдвэртээ тусгаж байх ёстой.
НӨУБ-с хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлж байгаа бодлогыг ард иргэд хэрхэн хүлээж авч байгаа, тэдний зүгээс гарч болзошгүй сөрөг үр дагаврын талаар удирдлагадаа мэдээлж байх, ард иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйл, санаа бодол, хүсэл зоригийг хүлээн авч, түүнийг урьдчилан тандан мэдэж төрийн шийдвэрүүдэд тусгаж байх, тэдний төлөөлөгч гэдэг үүргээ биелүүлж байх ёстой. Монгол Улсын нутгийн удирдлагын бүтцэд байдаг нутгийн захиргаа, нутгийн өөрийн удирдлагад ажилдаг төлөөлөгчид нь жинхэнэ утгаараа НӨУБ болж чадаагүй байгаа учир тэндээс гарч байгаа тогтоол шийдвэрүүд зөвхөн цаасан дээр хэрэгжиж байна, зарим иргэд түүний учрыг ч ойлгодоггүй болохоор төрийн ихэнх шийдвэр олон нийтийн дэмжлэг авдаггүй, Иймд засгийн газраас нээлттэй засаглалыг хөгжүүлэх, засаглалын ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, засаглалын ажиллагааг түргэн шуурхай болгох, төрийн байгууллагын бүтцэд жинхэнэ утгаар нь НӨУБ-г бий болгох нь зайлшгүй шаардлагатай.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид нь “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагтай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх үндсэн зарчим баримтлана” гэсэн хуулийн заалтыг баримтлан ажиллах ёстой. ИТХ-н тогтоол нь хэрэгжих боломжтой амьдралд ойр байвал хэрэгтэй.Нутгийн удирдлагын тогтолцооны хоёр тал болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хоёр нь хариуцах ажил үүрэг, эдлэх эрх мэдэл,хүлээх хариуцлагаараа зааг ялгаатай ч эрх ашиг нь нэг юм. Өөрөөр хэлбэл Хурал, Засаг даргын ажиллах объект болох хүн ам, нутаг дэвсгэр нь нэг, зорилго, чиглэл нь нэг юм.
Нутгийн өөрөө удирдах байгууллага нь сонгуулиар байгууллагддаг төлөөллийн байгууллага юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын / ИТХ / төлөөлөгчдийг сонгох орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид нарийн тооцоолсон биелэгдэх магадлалтай мөрийн хөтөлбөртөй оролцдоггүй тухайн үедээ сонгогчдын саналыг л авч байвал боллоо гэсэн байдлаар сонгогчдоо хуурч том том юм амлаж байж гарч ирээд юу амалснаа таг мартаад алга болдог. Зарим нэг нь хэрэгжүүлье гэхээр биелэгдэх боломжгүй мөн эдийн засгийн баталгаа байхгүйгээс аман ажил болоод өнгөрдөг.
Сонгогдсон төлөөлөгч маань бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлсэн дорвитой ажилгүй дуусгадаг. Энэ бол хаа сайгүй байдаг нийтлэг үзэгдэл болсон. Үүнээс болж нутгийн өөрөө удирдах байгууллагын нэр хүнд унаж иргэдтэй холбогдох харилцаа холбоо тасардаг. Сонгогдсон төлөөлөгчид нь амлалтаа биелүүлээгүйгээс болж иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг ойшоож үздэггүй тэдэнд итгэх итгэл суларч иргэдийн оролцоо бүр идэвхгүй болж ирж байна. Худлаа амладаг энэ олон шат шатны сонгуулиас иргэд залхаж сонгуульд санал өгөх нь буурч байна.
Иргэд дуртай дургүй ирж саналаа өгдөг. Зарим нь аль намаас юу өгч байна тэр намд саналаа өгье гэж шууд асуудаг болсон. Сүүлийн үед иргэд төрд алба хашдаг хүнийг сонгох илүү сонирхолтой болсон нь ажиглагддаг.Ж-нь: нийгмийнхээ асуудлыг шийдэж өгч магадгүй эсвэл эдийн засгийн асуудлаа шийдвэрлүүлж магадгүй гэж ая тал засдаг болсон.
Мөн төлөөлөгчид албан тушаалаа ашиглан их юм амалдаг болсонтой холбоотой юм. ИТХ-ын төлөөлөгч бүхэн амлалт үүргээ бүрэн биелүүлж, дүүргүүдийн бүх төрлийн ажлын эцсийн үр дүн иргэдийн сайн сайхны төлөө чиглэгдэж ажиллаж чадвал тэдний хоорондын эргэх холбоо сайжирч иргэдийн оролцоо нэмэгдэнэ.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын хүрээнд иргэдэд өгөх мэдээлэл хангалтгүй, тэдэнтэйгээ адил эрх тэгш хандаж ажиллахгүй байна. Иргэд ч гэсэн хуулиа мэдэхгүйгээс болж эрх нь зөрчигдөж, эрх ашиг нь хохирч байгааг мэдэхгүй байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагаас иргэдийн хуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх тэдэнд хууль зүйн зөвлөгөө өгөх ямар ч санаачилгатай ажил өрнөхгүй байна.

Ц.Байгаль

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%