Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ШИНЭ ШАТАНД ХҮРГЭНЭ

2015-11-30

Хэдэн малаа суурьшилд хөөгөөд, хэл соёлоо даяаршилд үйгээд азгүй нэгэн өглөө айлын хатавчинд сэрэхгүй юмсан хэмээн их зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нэгэнтэй шүүрс алдан хэлсэн байдаг. Гэтэл өнөө үеийн малчид хэдэн малаа хулгайд хөөлгөж, хэл соёлоо даяаршилд үйж газар нутгаа уул уурхайд эзлүүлж азгүй нэгэн болсоор байна.
Монгол Улс эрт дээр үеэс буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэж, аж төрөн амьдарч ирсэн аугаа түүхтэй улс үндэстэн. Нүүдэлийн соёл иргэншилийг авч үлдсэн цорын ганц ард түмэн. Зэрлэг малыг гаршуулан гэрийн тэжээмэл болгож ахуй амьдралдаа хэрэглэн улс үндэстэнээ хүчирхэг болгосон.
Таван хошуу малын буян заяа Монгол түмэнийг тэтгэж дуу хуур, урлаг соёл, ёс заншил, тусгаар тогтнол бүхний бэлэгдэл болж чадсан. Өнөөгийн нийгэмд Монгол хүн Монголоо алдаж гүйцлээ. Үүний нэг жишээ нь хулгайн гэмт хэрэг тэр дундаа малын хулгай юм. Өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн ёс заншил алдагдаж Монголоо алдсан хувиа бодсон, бэртэгчин үзэлтэй малын хулгайч нар олширч байна. Усаа чирсэн эсгий, цусаа чирсэн хавх буянт мал сүрэгрүүгээ хулгайн бузар оруулахгүй гэдэг монгол хүмүүжил үгүй болж байна.
         Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн тоо мэдээгээр өнгөрсөн таван жилийн судалгаагаар Баянхонгор аймгийн хэмжээнд  мал хулгайлах гэмт хэрэг 195 бүртгэгдсэн.  2011 онд мал хулгайлах гэмт хэрэг 19 бүртгэгдэж байсан,  гэтэл  2013 онд 70 бүргэгдэж өсчээ. Харин 2014 онд мал хулгайлах гэмт хэрэг 36 бүртэгдэж Цагдаагийн байгууллагад шалгагдсан.
Мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн онд буурсан нь учиртай. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд, иргэд хамтран энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулсаны үр дүн юм.  Иргэдийн санаачлагаар сум бүрт ажиллаж буй сайн дурын бүлгүүд мал хулгайлах гэмт хэргийг 48.5 хувиар буулгаж чаджээ. Гэвч энэ оны 09 дүгээр сард 28 гэмт хэрэг бүртгэгдлээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар малын хулгай өссөн. Энэ нь малын хулгайчдын арга улам нарийсч, нийгмийн ядуурал бухимдал, хулгайн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болж байгааг харуулж буй юм. Тэгэхээр Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлогын хүрээнд “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх” ажлыг шинэ шатанд хүргэх ажлыг эрчимжүүлж, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, хэсгийг аймгуудад байгуулан малын хулгайчдыг илрүүлэх, үйлдлийг нь таслан зогсоохоор иргэдийн туслалцаа, дэмжлэгийг авч байна.
Тухайлбал, өнгөрсөн онд Монгол Улсад анх удаа бод малд байршил тогтоогч төхөөрөмж /чип/ суулгах ажлыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газраас санаачлан Жаргалант, Өлзийт суманд  адуунд төхөөрөмжийг суурилуулж туршилт хийж, иргэдэд энэ талаар сурталчилсан нь иргэдийн талархлыг хүлээсэн томоохон арга хэмжээ болсон аж. Энэ арга хэмжээний үеэр Малчин сэтгүүл ирж Монгол улсын хэмжээнд сурталчилсан нь Баянхонгор аймаг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дорвитой ажлууд зохион байгуулж байгаагаа тайлагнаж чадсан.
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Гурванбулаг суманд адууг оторлон маллаж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа арга туршлагыг бусад орон нутаг, сумдад нэврүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Д.Ганбатын ивээл дор “Адуучин” тэмцээнийг 8 сумын хамруулан 2015 оны 03 сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулсан. “Адуучин” тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулаад хэдийнээ 3 жил болсон байна.
“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд “Малын бүртгэл, мэдээллийн программ”-ын санд бүртгэгдсэн мэдээллийг утсаар авах нөхцөлийг бүрдүүлэхээр малчдын бүлгэмийн ахлагч, гишүүдээр дамжуулан мэдээллийг утсаар авах ажлыг зохион байгуулж, малчдын бүлгэмийн гишүүд бүрт сар бүр 5000 төгрөгний нэгж өгч байх асуудлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал тавьж шийдвэрлүүлж, малчидтай мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна. Мөн сүлжээ ажиллуулан үнэн зөв мэдээллийг иргэдээс авах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “Мал бэлтгэн нийлүүлэгч” нэгдсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, сумдын хэсгийн дарга, хэсгийн алба хаагчдын утасны дугаар бүхий гарын авлаг бэлтгэн иргэдэд 250 ширхэг гарын авлага тараажээ.
Тус газраас орон нутагт мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг бүсийн 6 аймгийг хамруулан 2015 оны 04 сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Мөн сумдын хэсгийн төлөөлөгч нарыг чадавхжуулах зорилгоор сургалтаар малын хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн зохиомол орчинг бий болгон хэргийн газрын үзлэгийг өөрсдөөр нь хийлгэн алдаа дутагдал дээр нь тулгуурлан сургалтыг 2 удаа орсон нь үр дүнтэй хэрэг илрүүлэхэд ач холбогдолтой ажил болсон. Мөн аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэрэг үйлддэг болон үйлдэж болзошгүй 85 хүний дэлгэрэнгүй судалгааг сум тус бүрээр нь сэжигтэй этгээдийн зураг, хань хамсаатан, эзэмшдэг гар утасны дугаар, тээврийн хэрэгсэл, малын тоо, нутагладаг газар очиж болзошгүй хаяг зэргээр гарган нэгдсэн сантай болж, хэсгийн төлөөлөгч бүрт хүргүүлэн үйл хөдөлгөөнд нь хяналт тавьж ажиллаж байна.
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэгт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “УАЗ 31512” автомашин 2013 онд өгч, малын хулгайн гэмт хэрэг их гардаг 14 сумыг авто машинаар хангасан. Мөн гэмт хэргийг шуурхай илрүүлэх, хэргийн газрын үзлэгийг хойшлуулшгүй нэн даруй хийх зорилгоор Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт бүрэн тоноглогдсон 1 автомашин хүлээлгэн өгсөн. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн хэрэгжилтийг ханган ажиллуулах зорилгоор мах худалдан борлогддог “Дэлгэрэх” зах дээр МХГХТХ-ийн албан өрөөг байгуулан хяналт тавиулан ажиллаж илэрсэн зөрчлийг уг хуулийн дагуу шийдвэрлэн ажиллаж байна.
Малын хулгай малчдад их том дарамт, сэтгэл санаа, эд материалын асар их хохирол учруулдаг. Өнөөдөр олз, мөнгө олох хамгийн амархан арга нь бэлчээрийн мал хулгай хийх болчихоод байна. Алт, мөнгийг авдранд хийгээд цоожилчихно. Харин бэлчээрийн малыг хатуу чанд хууль, иргэдийн өөрсдийн ухамсар, малаа хариулга маллагаатай байлгаж хамгаалах ёстой.
Монгол улсад “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” байгуулагдаад 23 жил өнгөрчээ.
1992 оноос энэ нийгэмлэгийг байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэр үед Эрүүгийн хуульд малын хулгайг шийдэх тусгай зүйл анги, заалтгүй байв.
Хулгайн хэргийг нийтэд нь авч үзнэ. Уг нь, мал, эд адгуус хоёр шал өөр зүйл. Тухайн үед Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийнхэн Эрүүгийн хуульд 123 буюу Мал хулгайлах гэсэн зүйл анги оруулж байсан байна. Малчдын гол амьжиргаа болсон малд чононоос дор хандаж байхад хатуу арга хэмжээ авахаас өөр арга байхгүй санагдана. Төр төмөр нүүртэй гэдгээ малын хулгайчдад харуулж, хуулийн хариуцлагыг чангатгах хэрэгтэй.
Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэсэн өвөг дээдсийн сургаалаар эрдэнэт мал сүрэгтээ хүний, өөрийн гэж хандахгүйгээр хяналт тавьж, хот айл, ах дүүсээрээ нэгдэж малаа өдрийн хариулга, шөнийн манаатай байлгаж хэвшүүлэх хэрэгтэй. Орон нутгийн төр захиргааны байгууллага алдуул малыг бүртгэж, мэдээлэх, мэдээлэл солилцох ажиллагааг оновчтой зохион байгуулах иргэд, малчдын оролцоог нэмэгдүүлэх, Сум болон хилийн бүс, зурваст нутаглаж буй айл өрх малын тоо толгой, им тамга, зүсмийн бүртгэлтэй болох, Эрүүгийн хуульд мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах зүйл ангийг шинээр оруулах, ялын бодлогыг чангатгах шаардлага бий.  
Үүнээс гадна малчдын идэвхи санаачлагыг өрнүүлж бүлэг, сайн дурын нөхөрлөлийг олноор зохион байгуулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, Хил хязгаарлалтын бүс нутагт хяналт тавих, хил хамгаалах болон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран зохион байгуулах нь зүйтэй юм.
Мөн орон нутгийн онцлогт тохирсон ажил зохион байгуулах, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөл байгуулж үйл ажиллагааг нь тогтмолжуулах нь илүү үр дүнгээ өгнө хэмээн Цагдаагийн байгууллага үзэж байна.
Бас бүх сум, багийг мэдээллийн нэгдсэн сүлжээнд  холбож техник хэрэгсэлээр хангаснаар засаг дарга, цагдаа, айл хөрштэйгөө ямагт холбоотой болно. Ингэж гар сэтгэл нийлсэн хамтын ажиллагааны үр дүнд малын хулгайгүй баг, сум болох боломжтой.
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар
Ц.Байгаль

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%