Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэнтэй "Орон нутгийн өөрөө удирдах байгууллага"-ын үйл ажиллагааны талаар “Өнөөгийн Баянхонгор” сонины сэтгүүлч П.Санаадагва ярилцсан байна.

2015-11-04

                                                Нутгаа, тойргоо гэсэн сэтгэл байлгүй яах вэ. Харин туйлшруулж л болохгүй.
 
Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах талаар бүрэн эрхийн хугацаанд хэрхэн ажиллав, онцлог ажлууд юу байв?
Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах чиглэлээр бүрэн эрхийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран "Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд ИТХ-ын төлөөлөгчдийн сургалтыг аймгийн хэмжээнд зохион байгуулж аймаг, сумдын ИТХ-ын 459 төлөөлөгчид энэ сургалтад бүрэн хамрагдлаа. Мөн аймаг, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг чадавхжуулах сургалтаас гадна эмэгтэй төлөөлөгчдийн сургалт хийлээ. Мөн аймгийн ИТХ-ын ажлын алба өөрсдөө сонголтоо хийж багийн БИНХ-ын сургалтыг бүрэн хийж дуусаад удахгүй УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр БИНХ-ын дарга нарын давтан сургалтыг зохион байгуулах гэж байна. Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг хангалттай явуулсан жил байлаа. Дээр нь бид хангайн бүсийн хэмжээнд зэргэлдээ аймгуудын туршлага судлах, сумдууд хооронд сайн туршлага солилцох зэрэг олон ажлуудыг хийгээд явж байна. Онцлог юу байваа гэвэл бүрэн эрхийн гурван жилд урьд гарсан шийдвэрүүдээ эргэж харах биелэлт нь ямар байна вэ, ямар зүйлд нь түлхүү анхаарах гэдэг дээр аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчид, ажлын алба онцгой анхаарч байна. Ер нь хоёрын хооронд хөтөлбөрч гэдэг юм уу, мөнгөн дүн тавиагүй, хэрэгжихгүй зүйлүүдээс аль болох татгалзах бодлого барьж байна.
Аймгийн ИТХ-ын дэргэд ГХУСАЗЗ, Цагаатгалын комисс, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих иргэний зөвлөл зэрэг олон зөвлөл, хороод ажилладаг эдгээрийн үйл ажиллагааг уялдуулах чиглэлээр хэрхэн анхаарч ажиллав?
Тиймээ хэд хэдэн зөвлөл байдаг нь үнэн. Цагаатгалын Улсын комиссын шийдвэрээр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга нар энэ ажлыг хариуцан хийх үүрэгтэй байдаг. Энэ чиглэлээр гэвэл одоо хэлмэгдсэн хүмүүсийн ах дүү, амраг садан нь байгаа хүмүүсийн тодруулах зэрэг өдөр тутмын аар саар ажлууд мундахгүй байдаг. ГХУСАЗЗ бол ихээхэн том үүрэгтэй өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг зөвлөл. Гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэдэг бол иргэн бүрийн үүрэг байх учиртай. Цэцэрлэгийн хүүхдээс эхлээд наян настнаа хүртэл гэмт хэрэг гэдгийг нөгөөтэйгүүр ГХУС-лэх хуулийг ойлгуулах зэрэг олон ажил бий л дээ. ГХУСАЗЗ бүрэн эрхийн гурван жилийн хугацаанд нилээд өндөр ачаалалтай ажилласан. Ийм учраас аймгийн гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байна. Мал хулгайлах гэмт хэрэг ч үндсэндээ буурсан үзүүлэлттэй байхаас гадна тус хэргийн илрүүлэлт эрс сайжирлаа. Энэ бол цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажилласны үр дүн. Мөн архидан согтуурах явдал сүүлийн жилүүдэд харьцангүй багаслаа. Архины хамааралтай 15 хүнтэй нилээд сайн хөөцөлдсөн. Эхний удаа манай ажилтан 10 шахам хүнийг дагуулан гэр орон ар гэрийнхэнтэй нь ажиллаж сургалтад хамруулж чадсанаар дөрвөн хүн бүрэн архинаас гарлаа. Мөн 10 шахам хүнийг хордлого тайлах эмчилгээнд хамруулсан энэ ажил их үр дүнг үзүүлж байгаа архины хамааралтай нөхдүүд архинаас хөндийрч, ажил төрөлтэй болголоо. Долоон хүнийг нийгэмшүүлэх долоон байгууллагын удирдлагуудад хүлээлгэж өгсөн. Энэ хүмүүсээс тав нь архинаас гарчихлаа, нэг нь хорвоогийн мөнх бусыг үзсэн, нэг нь архиа уусаар байх жишээтэй. Зарим нь архи уудаг хүмүүст лекц уншаад явж байна. Бид тодорхой хэмжээний зардлыг  шийдвэрлэж байгаад иргэний зөвлөлийг байгуулсан. Энэ зөвлөл харин тайланг нь сонсоход бидний санаанд хүртэл ажлаагүй байсан. Тодорхой үүрэг чиглэл өгсөн. Тайланг нь он гаргаад ахин авч хэлэлцэх юм. Хаа хаанаа хариуцлагатай байхыг шаардсан.
Аймгийн энэ оны төлөвлөгөөнд тусгагдсан нэг томоохон ажил болох “Аймгийн хөгжлийн дунд хугацааны бодлого-2030” хөтөлбөрийг боловсруулах ажлыг та ахалж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
Үндсэндээ энэ хөтөлбөрийн суурь үзүүлэлтүүдээ гаргачихсан байгаа. Одоо аймгийн Засаг даргын болоод аймгийн ИТХ-ын түвшинд танилцуулга хийгдэнэ. Ингээд тэдний саналыг авсны үндсэн дээр УБ хотын эрдэмтэдтэй ахин санал солилцоно. Дараа нь нийт иргэдээрээ хэлэлцүүлэх ажил эхлэх учиртай. Одоогийн байдлаар энэ ажлын 40 хувь нь хийгдсэн гэж ойлгож болно. Үүнээс хойш хэлэлцүүлсний дараа аймгийн ИТХ-аар оруулна. Энэ нь ирэх оны гуравдугаар сарын орчимд хийгдэж батлуулах төлөвлөгөөтэй явж байна. Бид аль болохоор яарахгүй байгаа. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг зарчмыг барин ажиллаж байна.
 Ер нь яагааад хөгжлийн хөтөлбөр хийх болов?
Бид ер нь хаашаа хэрхэн явах вэ гэдэг замаа тод болгох учиртай. Монгол Улсын хэмжээнд адилхан тодорхой зорилгогүй, бодлого чиглэлгүй явж болохгүй дээр нь аль нэг улс төрийн хүчин гарч ирээд нэг өөр юм ярьдаг, нэг улс төрч гарч ирээд л бас нэг өөр зүйл ярьдаг байж болохгүй. Ингээд ирэхлээр үндэсний төлөвшил гэдэг зүйл үгүй болдог юм байна. Хөгжлийн нэгдсэн хөтөлбөргүйгээс дуртай болгон дуртай зүйлээ ярьж явдаг. Тодорхой бодлогогүй учраас төрийн дээд байгууллагын шийдвэр орон нутагт хамгийн хүндээр тусдаг. Ойворгон улс төрчдийн дайвиргаанд орон нутаг өртөх магадлал өндөр учраас бид орон нутгаа, өөрсдийгөө хамгаалах, өөрсдөө нэг замтай, нэг бодол санаатай байх үүднээс урт хугацааны хөгжлийн хөтөлбөртэй болох зорилтыг хэрэгжүүлэх гээд зүтгээд байгаа юм. Иргэд бол ер нь төр засаг зөв шийдвэр гаргасан дагаад явья гэж бодно. Тэднээс наана улс төрийн амбиц, улс төрийн кариар хөөх гэж яваа нөхөд битгий үймүүлээсэй харин энд нэгдээсэй. Оюун ухаан дэлхийг хөгжүүлдэг л юм бол цөмөөрөө оюун ухаанаараа нэгдэе. Ингэхэд нам улс төрийг хойш тавья гэж уриалмаар байна. Улс төрийн бүх хүчнүүдэд энэ талаар хандана. Энэ хүмүүс ч саналаа хэлж нэгдэх ёстой. Хөтөлбөрийг иргэдэд сайн ойлгуулах шаардлагатай тухайбал би малаа ингэж өсгөх юм байна, бизнест ингэж оролцох нь гэдгээ сайн ойлгож байж хөгжлийн хөтөлбөрөө боловсруулна. Ингэхгүйгээр нэг бичиг баримт гарлаа маргааш нь ширээний нүдэнд дарагддаг байж таарахгүй гэдэг зарчмыг хатуу барьж ажиллаж байна. Энэ хөтөлбөрт иргэн бүр, айл өрх бүр, байгууллага бүр ач холбогдол өгөөсэй, идэвх зүтгэлээ дайчлан ажиллаасай гэж хүсч байна. Тэднийг ач холбогдол өгүүлэхийн төлөө, ойлгуулахын төлөө бид шургуу ажиллах учиртай гэдгийг ч хэлмээр байна.
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн хувиар Богд сумандаа ямархуу ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлээд байна вэ?
Намайг тойрогт хэр ажилласныг манай Богдчууд дүгнэх байх. Би анх ажил аваад таньтай ярилцахдаа хэлж байсан үгээ санаж байна. Иргэдийн Хурлын Төлөөлөгч бол аймгийн нийтлэг эрх ашгийн төлөө явна. Тийм учраас тойрог, жалга дов, би Богдых учраас Богдод л юм хийх байдлаар хандуулахгүй гэж хэлж байсан даа (Тиймээ би ч санаж байна) Тийм ч учраас ийм чиг хандлагыг барьж ажилласан. Богдод шаардлагатай зүйл байвал зохих байгууллагад нь танилцуулдаг, хөөцөлддөг замаар л явж ирсэн. Түүнээс биш аймгийн ИТХ дээр би Богдруу ийм ч юм, тийм ч юм хийнэ гэж албан тушаалаа ашиглаагүй. Зарим нэг хүмүүсийн тухайд тойрог тойрог, тэнд ийм юм гээд байдаг зүйл ажиглагддаг л юм. Үүнээс илүүтэй бид Баянхонгорын том эрх ашигт л илүүтэй анхаарах учиртай. Ер нь манай төлөөлөгчид ганц тойргоо бодсон амбиц энэ дөрвөн жилд харин гараагүй. Хаана юу нэн шаардлагатай байна түүнийг хийсэн. Хаана хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байна энэнд хөрөнгөө татан төвлөрүүлсэн байдлаар л ажиллаж байна. Урьд өмнө нь ялгаж салгаж үзсэн зөвхөн тойргоо гэх ч юмуу алаг үзсэн юм байсан нь нууц биш. Тухайлбал хэдхэн суманд ихэнх хөрөнгө оруулалтаа хийсэн баримт жишээ бий. Энэ бол хүний ёсонд байхгүй асуудал. Аливаад ялгавартай хандана гэдэг өөрөө маш муу үр дагавар дагуулдаг учраас бид ийм зүйл огт гаргахгүй. Ер нь тойрогтоо очихоороо иргэдтэйгээ уулзаад санал бодлыг нь сонсоод явдаг. Яахав манай сумын залуучууд сонгогдох гээд явж байхад “Шинэ үе” хошин шогийн тоглолтыг бүрэлдэхүүнээр нь  сумандаа авчирч тоглуулж өгөөч гэсэн хүсэлт тавьсны дагуу тэднийг аваачиж бүрэн хэмжээний тоглолт хийж иргэдийнхээ оюуны цангааг тайлсан. Ер нь хөдөө орон нутгийн иргэд, залуучууд урлаг соёлоор сэтгэлийн цэнгэл эдэлж байх ёстой. Энэ 11 дүгээр сарын сүүлээр Богд сумынхаа багуудын дунд урлаг спортын анхдугаар наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Арай өвөрмөц байдлаар явуулна. Нэг хүн нэг л төрөлд орж гэж бодоход эхний шатанд 700 гаруй хүн хамрагдах юм билээ. Сүүлийн шатандаа 450 хүн хамрагдахаар тооцоо гарч байгаа. Аль болохоор олныг хамруулахыг бодож байгаа. Мэдээж нутаг усныхаа иргэдийн үгийг сонсоно. Нутгаа гэсэн сэтгэл байлгүй л яах вэ? Шаардлагатай зүйлийг нь хөөцөлдөх тал дээрээ ч ажиллаад явж байгаа.

                                                                                                                                                                Танд баярлалаа П.Санаадагва
                                                                                                                                                                                           /2015.11.04/



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%