Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ын дарга Д.Ширмэн: Би энэ албыг авахдаа улс төрийн эрх ашгийн үүднээс биш иргэдийнхээ эрх ашгийн үүднээс ажиллах ёстой гэдгээ хатуу бодсон

2015-10-26



Өнгөрөгч Орон нутгийн сонгууль олон зүйлээр онцлог сонгууль байсан билээ. Тухайлбал, өмнөх сонгуулиудын жишгийг эвдэж хугацааны хувьд аажуу, нөгөө талаар автомат машинаар сонгуулийн саналын хуудсыг тоолсон. Эл онцлог сонгуулийн үр дүнгээр шинэ тутам байгуулагдсан Баянхонгор аймгийн ИТХ бүтэц бүрэлдэхүүний хувьд цэгцэрч, их ажлынхаа гараан дээр ирээд буй. Шинэ тутам байгуулагдсан хурал энэ оноос эхлэн Төсвийн хүрээний шинэчлэлийн дагуу орон нутгийнхаа төсвийг захиран зарцуулах эрхээр хангагдаад буй. Өмнөх жилүүдийн төсөвтэй харьцуулахад өнөө жилийн төсөв даруй орон нутагт 3-6 дахин томорч ирж байгаа талаар Сангийн сайд Ч.Улаан олонтаа хэлж байгаа юм. Тиймээс шинэ тутам байгуулагдсан энэ удаагийн хурлын өмнө өндөр хариуцлага өрнүүн ажил байгаа нь ойлгомжтой. Тиймээс манай сонин аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэнг шинэ албаа аваад нэг сар болсны дараахан анхны ярилцлагыг хийж уншигч та бүхэнд хүргэж байна.

-Юуны өмнө орон нутгийн зургаадах удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-ын даргаар сонгогдсон таньд баяр хүргэе. Олон хүн бас баяр хүргэсэн байх. Танд юу бодогдож байна?

-Үнэхээр олон хүн надад баяр хүргэж байгаа. Харин надад айдас төрж байгаа. Олон мянган хүний ажил амьдралыг өөд татахын төлөө алдах эрхгүй зүтгэх ёстой өндөр хариуцлага бас надад ногдож байгаа учраас тэр л дээ. Мэдээж бид боловсруулсан хөтөлбөр, бодлогынхоо дагуу ажиллаж, тэрийгээ биелүүлнэ. Тэр хүртэлх хариуцлагын тухай ярьж байна. Манай Баянхонгорчууд хөдөлмөрч ард түмэн шүү дээ. Зөв бодлого гаргаад ажиллах юм бол манай иргэд дэмжинэ. Иргэдийн дэмжлэг сайтай байгаа нөхцөлд аймаг маань хөгжинө гэсэн бодолтой байгаа. Цаашдаа бид Баянхонгор аймгийг баруун бүсийн аймгуудын худалдаа эдийн засгийн төв болгох зорилт тавьж байгаа. Баруун аймгуудад үйлчилдэг чөлөөт бүс маягийн төв болчихвол эндээс Баяхонгорчууд л хожино. Бодлогоо зөв гаргаад зөв чиглүүлээд явбал хөгжил бидэнд ойрхон байна. Нэг тийм санаанд юм болгон багтаад, атгаад авахад ойрхон байгаад ирэхээр л хүний алдчих вий гэсэн айдас нэмэгдэж, эрсдэл болгоноо нарийн тооцох ёстой байдаг. Дээр танд хэлсэн тэр айдас эндээс л төрж байгаа болохоор сайн талаас нь ойлгоход гэмгүй. Анх ажлаа авахдаа би бодож байсан. Энэ албанд улс төрийн эрх ашгийн үүднээс биш, иргэдийнхээ эрх ашгийн үүднээс, тэднийхээ төлөө л ажиллах болно гэж бодсон.

-Хүн ер нь өөрөө чадахаар байсан ч муу багтай хамтарч ажиллавал үр дүн тааруу гардаг тал бий. Тэгэхээр сайн бодлогыг сайн баг л амжилтад хүргэнэ. Танд бодлого байна, бас баг чинь байна. Энэ хоёр зүйлээс ямар нэг байдлаар айдас төрөхгүй байна уу?

-Энэ удаагийн сонгуулиар ард түмэн биднээс маш их зүйлийг хүсч сонгосон. Тэр хэмжээгээрээ их хүлээлттэй байгаа. Тиймч учраас энэ дөрвөн жилийн хугацаанд бид бүтээн байгуулалтын ажлуудыг төв суурийн газруудад нилээд эрчимтэй явуулна. Дулааны цахилгаан станцаа бария, цемент болон барилгын материалын үйлдвэрүүд байгуулая. Аймгийн төвийн гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ татаж орон сууцжуулах ажлыг эрчимжүүлье. Төрөөс бүх юмыг үнэгүйгээр хийнэ гэвэл төрийн мөнгө хүрэхгүй. Тийм учраас иргэдийнхээ ажил хэрэгч, сайн санаачилгыг дэмжиж, хамтран ажиллана. Нөгөө талаар хөдөө аж ахуй газар тариаландаа өндөр ач холбогдол өгөх ёстой. Газар тариалан манайд хөгжихгүй, туршлага ч бага. Дээрээс нь урьд эрхэлж байгаагүй ажил эхэндээ хүнд хэцүү санагддаг гээд тэр сөрөг зүйлүүдэд баригдаж явсаар орлогоо нэмэгдүүлэх, амьжиргаагаа дээшлүүлэх боломжуудаасаа татгалзсаар өнөөг хүрсэн байна. Үүнийг бид өөрчлөх цаг болсон. Энэ дөрвөн жилийн хугацаанд Баянхонгор аймгийг газар тариалангийн бүс нутаг болгоно. Болгохын тулд дорвитой ажил хийнэ. Хөрөнгө оруулалтын урсгалыг ч энэ чиглэлд бий болгоно. Нөгөө талаар Баянхонгор аймгийн хөгжих нэг үндэс бол аялал жуулчлал. Бас л аялал жуулчлалын бүс болгоё гэж байгаа. Ингэхдээ ганцхан гадаадын жуулчин гэдэг ойлголтоосоо салж дотоодын аялагчдыг эрчимжүүлнэ. Ер нь дэлхийн туршлагаас харахад аялал жуулчлалыг дотоод болон гадаад аялагчиддаа түшиглэн хөгжүүлдэг. Энэ нь ерөнхийдөө улс орны эдийн засгийг сэргээхээс гадна тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн амьжиргаанд бодит дэмжлэг болж өгдөг. Манай аймаг аялал жуулчлалыг идэвхжүүлэхдээ тухайн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа малчдынхаа хүчийг ашиглах ёстой. Малчид маань өөрсдийн уламжлалт аж ахуйгаа гадаад дотоодынхонд танилцуулах, өөрсдийн малын түүний эдэд түшиглэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, түүнийхээ нэр төрөл, чанар үзэмжид анхаарах гээд шинэ цаг үеийн малчид аялал жуулчлалын зөв хөгжил дунд бойжоод ирэх учиртай. Эндээс харахаар баг гэдэг ойлголтод дан ганц албан тушаалтан бус иргэд өөрсдөө ч багтаж байгаа. Мэдээж хэрэг иргэдийг тэр бүтээлч, хөгжлийн багаас салган тусгаарлаж байсан нэг зүйл бол энэ төрийн албан хаагчдын хүнд суртал. Дээрээ ямар ч сайхан бодлого хэрэгжүүлээд доод, дунд шатанд энэ ажил гацах юм бол явахгүй. Иргэдэд тусгалаа олохгүй, салангид явчихна. Тиймээс хариуцлагыг маш өндөр тавьж ажиллая гэсэн бодол байна даа. Харин энд айдсын тухай яримааргүй байна. Айдас өнөөдөр ажлаа хийж чадахгүй яваа хүмүүсийн дотор байгаа байх. Үнэхээр чадахгүй суудал бөглөж ирсэн хүмүүсийг шударгаар чөлөөлнө. Тэглээ гээд энэ Ардчилсан нам гэдэг байдлаар ахиад нэг чөдөр тээг тухайн албан тушаалд тавихгүй. Хөгжие гэж бодож байгаа бол хариуцлагатайгаар нэг нь ажлаа хийдэг, чадахгүй бол ёс зүйтэйгээр зайгаа тавьж өгдөг тийм тогтолцоог бий болгох ёстой.

-Хүнд суртал албан тушаалтнуудаас л эхтэй зүйл. Тухайлбал, өмнөх туршлагаас харахад энэ хүнд суртлын хэнээнд автсан том толгойтнуудын тохиолдол цөөнгүй байдаг ш дээ. Мэдээж энэ бүхний цаана ашиг сонирхлын зөрчил, мөнгөний асуудал бас сөхөгддөг?

-Аймгийн ИТХ 41 төлөөлөгчтэй. Хуучин бол сумандаа нэг тав арван төгрөг илүү хуваарилуулая, нэг сургуулийн засварыг хийлгэчих юмсан гэдэг аж ахуйн менежер маягийн үүргийг ИТХ-ын төлөөлөгч гүйцэтгэдэг байсан. Тэгээд дөрвөн жилийн дараа би ийм ийм ажил хийсэн гээд төсвийн мөнгөөр хэдэн ажил хийчихсэн гэж иргэдэд танилцуулдаг, тэр ажлаа өөрийн болгож хувьчилдаг. Хувь хүнийхээ имижийг бүрдүүлчихдэг. Энд нөгөө иргэдийн төлөөх нийтлэг эрх ашиг төрөл арилжаад хувийн ашиг сонирхол болон хувирдаг. Ингэж мэдээлэл хомс байгаа иргэдийн тархийг угааж явсан гашуун үнэн, энэ үнэнийг дагаж бий болсон хүнд суртлын дарга хэнээрхэл байсан. Энэ дөрвөн жилийн хугацаанд ИТХ-ын даргын хувьд миний баримтлах бодлого бол ИТХ-ын төлөөлөгч хүн жилд дор хаяж хоёроос доошгүй удаа иргэдтэйгээ уулзаж иргэдийнхээ саналыг авчирч ИТХ дээр тойргийнхоо асуудлыг  ярьж, шийдвэрлүүлэх ёстой. Энэ чиглэл рүү зорьж ажиллана.

Эдийн засагч хүнийхээ хувьд би ИТХ-ын төсөв дээр нилээн анхаарсан. Ерөөсөө төрийн албаны нэр хүндийг унагаад байгаа гол асуудал бол мөнгө. Мөнгөний асуудлыг ил тод болгох хэрэгтэй юм. Төлөөлөгчдийг орон нутагтаа ажиллах нөхцлийг бүрдүүлэе, төлөөлөгч болгонд зардал суулгая, гэхдээ ажиллаад ирсэн төлөөлөгчид зардлыг нь олгоё, түүнээс биш ажиллаарай гэж мөнгө өгөхгүй. Төсвийн мөнгийг батлуулж авчихаад тойрогтоо битгий хэл хуралдаа үзэгддэггүй хүний тухай сонсч л байсан. Үнэхээр хуралдаа ирэхгүй тойрогтоо ажиллахгүй байвал тойрог руу нь би бичиг илгээе. Энэ Дорж гэдэг төлөөлөгч та бүхний итгэлийг хүлээж сонгогдчихоод тэр хариуцлагаа хүлээхгүй байгаа тул ийм арга хэмжээ авлаа гэж. Ингэж төлөөлөгчийг хариуцлагажуулахгүй бол, хурал өөрөө хариуцлагатай байхгүй л бол бид эргээд яаж төрийн алба, иргэд рүүгээ яаж хариуцлага ярьж тооцох юм. Ер нь ИТХ, Засаг дарга ч ялгаагүй аливаа шийдвэрийг гаргахдаа иргэдийн саналыг сонсоод иргэдээс гарч ирсэн санал дээр үндэслэж шийдвэрээ гаргадаг энэ тогтолцоо руу шилжинэ. Харин иргэд маань үүнд идэвхтэй, санаачилгатай оролцоорой гэж хүсэе. Бид ажиллаад иргэд маань идэвхгүй оролцоод байвал нөгөө ажил маань ажил биш болно шүү. Хяналтын тухай ойлголт хаа хаанаа хариуцлагатай байхаас л эхэлдэг. Сонгосныхоо дараа иргэд өөрсдөө хяналтаа тавьдаггүй. Хяналтгүй эрх мэдэлтэн, албан тушаалтан хараагүй хүнээс ялгаа юу байхав. Ёстой зөн совин гээчээрээ явна биз дээ. Тиймээс нэгэнт хэн нэгэн хүнд итгэж сонгосон юм бол иргэд байнга хяналтаа тавьж, шаардлагаа хүргүүлдэг байх ёстой.

-Таны удирдаж байгаа хурлын байгууллага хөдөөгийн аймгийн хөгжлийн хандлагыг тодорхойлох гэж байна. Хөдөөд малчид малаасаа дор орчихлоо гэж их олон хүн шүүмжилдэг. Малчин, малын тухай таны өмнө  гарсныг дэлгэрүүлмээр байна?

-Би өөрөө хөдөө төрж, малын хотонд өссөн хүн. Тэр амьдралыг яаж мэдэхгүй байхав. Аймгийн ИТХ-аас хөдөө рүү чиглүүлж барих олон бодлого бий. Хөгжил хоцорчихсон. Яг энэ чигээрээ явах юм бол бид 10 жилийн дараа малчингүй болно. Монголыг тэжээж ирсэн салбар бол мал аж ахуй. Гэхдээ таны хэлсэнчлэн цаг үе өөрчдөгдөхийн хэрээр өнөөгийн малчдын асуудал их өөр болж ирсэн. Хүн мэдээж үр хүүхдийнхээ сайн сайхныг боддог. Одоо сургууль, цэцэрлэгийн асуудал ямар байгаа билээ. Нөгөө малчид маань хоёр салчихсан нэг нь аймгийн төв дээр хүүхдүүдээ хараад нөгөө нь хөдөө мал дээрээ байдаг гэх мэт. Залуучууд нь энэ байгалийн хатуу ширүүн, хахир хүйтэнд шантардаг ч юм уу, ийм байдал бий болоод байгаа. Тэгэхээр бидний барих хамгийн гол бодлого бол малчнаа дэмжие, хөдөө аж ахуйнхаа үйлдвэрлэлийг сэргээе. Атрын гуравдугаар аян гэдэг шиг хөдөө аж ахуйн аян өрнүүлж мал аж ахуйгаа дэмжихгүй бол удахгүй устчихвий гэсэн эмзэглэл яахын аргагүй төрөөд байгаа юм. Миний бодлоор энэ шинэ сумын төвийг бүх сумдад бариад сумын төв дээр амьдарч байгаа хүмүүсийн орчин нөхцлийг нэгдүгээрт сайжруулмаар байна. Хоёрдугаарт бүсийн төв гэж нэрлэгдэж буй Богд, Баянцагаан, Бууцагаан, Жаргалант сумдын төвүүдийн эмнэлгийг чадваржуулах хэрэгтэй байна. Нарийн мэргэжлийн эмч нарыг байршуулах хэрэгтэй байна, Сум болгонд мэс заслын эмч ажиллуулах хэрэгтэй байна. Өөрсдийн сумын боловсон хүчнийг бэлдэх хэрэгтэй байна. Тухайн сумын ЭМШУИС-д сурч байгаа хүүхдүүдийг энэ чиглэлээр нь сургаж, гэрээ хийж нутаг орондоо буцаж ирж ажиллуулдаг болгомоор байна. Мал аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүнээ хагас боловсруулах мөн эцсийн бүтээгдэхүүн болгож ашигламаар байна. Малчдынхаа орлогыг нэмэгдүүлмээр байна.

Малын чанар чансааны тухай Хөдөө аж ахуйн байгууллагын мэргэжилтнүүд маань үндсэн чиглэлд цөм сүргийн асуудал ярьж орж ирсэн. Өнөөдөр цөм сүргийн асуудал ярих цаг мөн үү, биш үү бид бас бодох л хэрэгтэй. Байгаль цаг уур аашаа хувиргачихсан өнөө үед малынхаа үүлдэр угсааг сайжруулах талаар ярих хэрэгтэй. Хоёр малаас авдаг ашиг шимийг нэг малаас авдаг болгох чиглэлээр бид дорвитой ажиллах хэрэгтэй. Ингээд малынхаа үүлдэр угсааг сайжруулаад ирэхээр тэжээлийн асуудал зайлшгүй урган гарч ирнэ. Тэр өндөр ашиг шимтэй мал маань бэлчээрээр яваад бидэнд өндөр ашиг шимээ өгөхгүй. Тодорхой хэмжээний хагас суурийн байдалтай ч юм уу тэжээл хэрэглэж байж ашиг шимээ өгнө. Тэгэхээр бид үүнд зохицсон бодлого боловсруулах хэрэгтэй. Энэ чиглэлийн санаачилга гаргасан малчдыг бид эхний ээлжинд дэмжиж ажиллах шаардлага байна. Энэ чиглэл рүү аймгийн ИТХ-ын бодлогыг чиглүүлж ажиллана гэсэн бодолтой байгаа.

-Улс өмнөхөө бодвол мөнгөтэй болсон. Энэ жил тэрийгээ та нарын гарт чамгүй итгэл хүлээлгэн атгуулж, зарцуулах эрхийг нь өгч байгаа. Хэд орчим төгрөг энэ жилийн төсөвт сууж ирэх бэ?

-Энэ жилийн төсөв дээр 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирж байгаа. Төсөв бол өөрөө 59 тэрбум төгрөг байгаа. Нийтдээ Баянхонгор аймагт 100 гаруй тэрбум төгрөг орж ирэх юм. Энэ мөнгөний нилээд хэсэг нь иргэдийн гар дээр цалин, тэтгэвэр, тэтгэмж гэх мэт янз бүрийн эх үүсвэрээр орж ирнэ гэж ойлгож болно.

-Аймгийн төвд ажилчгүй, орлогочгүй иргэд ихээр бий болчихсон байгаа. Энийгээ дагаад төв суурингийн төвөгтэй олон асуудалтай та бүхэн нүүр тулах гэж байна. Яаж хүндрэлийг хөгжил болгох вэ?

-Том бүтээн байгуулалтыг бий болгоно. Бүтээх гэж байгаа юм бол мөнгө зарна. Хүн ажиллуулна. Үүний эхлэл бол дулааны цахилгаан станц байгаа. Өнөөдөр аймгийн төвд агаарын бохирдол гэдэг том асуудал байгаа. Утааны асуудал бол Дулааны станц баригдахад дагаад нилээд хэсэг нь шийдэгднэ. Засаг дарга бид нар ажил аваад Улаанбаатар хотод томилолтоор ажилласан. Амжих юм бол 2013 оны 11 сард дулааны станцыг  эхлүүлнэ. Утаа гэснээс утааны асуудлыг ихэсгэж байгаа нэг асуудал нь Баянхонгор суманд түр оршин суугч иргэд байгаа. Тэднийг хөдөөд нь ая тухтай амьдруулах талаар ч анхаарна. Нөгөө талаар шугам сүлжээг гэр хороолол руу тавьж байна. Барилгын материалын цогц үйлдвэрлэлийг байгуулая. Цаашлаад энэ маань гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн суурь нь энэ болох ёстой. Жижиг дунд үйлдвэрүүд ер нь олноор байгуулагдах байх. Ер нь бид өнгөрсөн 22 жилийн хугацаанд нам болгон сайхан амлалт хэлдэг, дөрвөн жилийн дараа баахан тоон үзүүлэлт ярьчихдаг, нөгөө ажилгүйдэл, ядуурал буураагүй. Нэг үе бид иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээ рүү нилээд хөтөлчихсөн. Иргэд хариуцлага хүлээдэггүй. Төр л ганцхан хариуцлага хүлээгээд байх юм шиг ойлголт нийгэмд байсаар байна. Ийм учраас иргэд өөрөө хариуцлагатай, санаачилгатай байх ёстой. Ямар ч хариуцлагагүй, гараа хөдөлгөдөггүй хүнд ямар ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй шүү дээ. Үүнээс гарахын тулд бид өрхийн үйлдвэрлэлийг дэмжмээр байна. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжээд эхлэхээр таван төгрөг олсон хүнд арван төгрөг олох итгэл харагддаг. Ингээд цаашаа хөдөлмөрлөх идэвх нь нэмэгддэг. Энэ маягаар цааш явна. Энэ дөрвөн жилийн төлөвлөгөөнд бид 9600 өрх гэж тооцоолсон. Яагаад 9600 өрх юм бэ гэхээр Баянхонгор аймгийн нийт өрхийн 40 хувь нь байгаа юм. Энэ 9600 өрхийг л бид амьдралаа аваад явчих орлого олдог болгочих юм бол нийт хүн амын 40 хувь орчим нь байнгын орлоготой болчихно гэсэн үг. Дөрвөн жилийн дараа үр дүн нь гарах байхаа гэж найдаж байгаа. Ярихаасаа илүү хийе, хийрхэхээсээ илүү хариуцлагатай байя. Тэгэхээр та өнөөдөр хүн болгоны нүдэнд тусаад байгаа хүндрэлээс гарч уу, үгүй юу гэдгийг дөрвөн жилийн дараа харж таарна.

-Баялагын хараалын тухай Баянхонгорчууд бид багагүй ойлголттой болж, бас мэдэрч авсан. Таны хариуцлагатай байх явдал уул уурхайд нэн чухал болоод байна. Тэгэхээр энд таны хариуцлагатай байр суурийг сонсмоор санагдах юм?

-Үнэхээр энэ зуунд байгаль орчны асуудал хамгийн анхаарал татсан асуудал болчихлоо. Зун нь богино хавар нь урт, хүний хүчин зүйл болон байгалийн өөрийн янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалж цөлжилт их явагдаж байна. Бид удахгүй Баянхонгор аймагт ашигт малтмалын хайгуулын лицензтэй бүх уурхайнуудыг хамруулан уулзалт зохион байгуулна. Тэдэнд аймаг өөрийнхөө бодлогыг тулгана. Уурхайнууд бидний шаардлагыг хүлээж авах юм бол ажиллуулна. Уурхайнууд бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол Баянхонгорт уурхай ажиллуулах эдийн засгийн ач холбогдол байхгүй. Нэг уурхай ажиллаа гэхэд аймагт эдийн засгийн эерэг нөлөө үзүүлээд байгаа юм ховор. Яахав хэсэг хугацаанд сум, багийн удирдлага уурхайнуудаас хөрөнгө оруулалт авч байсан, тодорхой үр өгөөжөө өгсөн. Энэ нь эргээд эдийн засгийн үнэлгээгээр үнэлэгдэхэд тухайн зах зээлийн ханшаас хоёр гурав дахин илүү үнэтэй бараа материалаа өгчихсөн зүйл ажиглагддаг.

-Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан дээр ИТХ-ын даргад таны нэрийг дэвшүүлж байхад сөхөгдсөн нэг зүйл бол таны уурхайн талаар байсан. Тухайлбал, таны гэх “Баялаг Богд”. Өөрөө олборлолт явуулдаг хүн бизнесийнхээ эсрэг бодлого явуулна гэхээр хүмүүст нэг л бууж өгөхгүй байгаа бололтой?

-Та маш их онож асуулаа. Баярлалаа танд. Миний эзэмшилд Баянхонгор аймгийн ашиглалтын лицензтэй хоёр аж ахуйн нэгж байдаг. Тэрний нэг нь “Баялаг Богд” гэж Баянхонгорын компани. Бөмбөгөр суманд таван жил үйл ажиллагаа явуулсан. Тухайн үедээ алдаж байсан ч юм бий, онож байсан ч юм бий. Би бол алдаагүй, өөгүй гэж ярихгүй. Байгалийн хишгийг хүртсэн бол эргээд байгалиа унаган төрхөд нь оруулахад анхаарах ёстой. Техникийн нөхөн сэргээлтийг хийгээд аймгийн комисст хүлээлгээд өгчихсөн байгаа. Биологийн нөхөн сэргээлтийг энэ жилээс хийж хүлээлгэж өгнө. Харин би уурхай ашиглаж байснаараа уул уурхайн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Тухайн үедээ алдаж байсан бол гадны компаниудаар түүнийгээ дахиж давтуулахгүй. Өөрөөр хэлбэл уул уурхайд ямар нөхцөл байдал үүсдэг, яаж ажилладаг талаар багагүй туршлага байгаа учраас одоо эрсдэлгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд энэ нь миний давуу тал юм уу гэж бодож байгаа. Тийм учраас уул уурхайтай холбогдолтой асуудалд маш чанга бодлого барьж ажиллана, тэргүүлэгчидтэйгээ ч энэ талаар нарийвчлан ярилцсан.

-Энэ өвөл байгалийн ааш аяг муудсанаасаа ч болдог юмуу нилээд хүндрэх төлөвтэй байгаа. Та нарт ч бас өвөлжилт ачаалал өгч байгаа нь мэдээж. Жилийн жилд өвөл ирлээ гээд байдгаа бариад гүйгээд байх юм уу, төр?

Өвөлжилт хүндэрсэн хэд хэдэн сумдын талаар одооноос ярьж байна. Гэтэл бидэнд сумдаас нэгтгэгдэн ирж байгаа дүн мэдээнээс харахад бүх зүйл жин тан л харагддаг. Өвс тэжээл хангалттай, тоо бланс нь их мундаг (инээв). Яг хөдөө малчны хотонд очоод харахаар нөгөө танилцуулагдаад байсан албан тоо эсрэгээрээ байх жишээтэй. Малчин айлд тийм сайхан зүйл харагдахгүй байна. Энэ нь манай төрийн байгууллагуудын хий хоосон тооны араас хэт хөөцөлдөж ирсний гэрч. Эцсийн эцэст хариуцлагагүй байгаагийн тод жишээ. Манай аймаг 2.5 сая толгой мал тоолууллаа л гэж байна. Төрийн албан хаагч хувь хүнээс өмчийнх нь талаар мэдээ аваад нэгтгээд гаргадаг, тэр нь өнөөдөр бас л худлаа болчихоод байна. Ерөнхийдөө сум суманд өвөлжилтийн нөхцөл байдал янз бүр байна. Энэ нь ажил хариуцсан албан хаагчтай ч холбоотой байна, малаа маллаж буй малчинтай ч холбоотой. Саяхан манай аймагт Улсын онцгой комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга ирж ажиллалаа. Бид ч өвс тэжээлийн талаар анхаарч үзэх талаар тодорхой хэмжээний хүсэлт тавьсан. Баянговь сумын улсын нөөцийн агуулахын чанарыг сайжруулж өгөөч, Баянцагаан суманд шинээр агуулах барих хэрэгтэй байна гэдэг саналаа тавьсан. Энэ шийдэгдэх байх. Энэ жил ямар ч байсан өвлийг яаж ийгээд давна. Бод малыг оторт гаргах шийдвэр гаргачихсан байхад манай мэргэжлийн байгууллагууд очиж ажиллаагүй байна. Ирэх жилээс малчин нь хариуцлагатай, төр нь хариуцлагатай байх ёстой. Ер нь малыг хувьчлаад олон жил болсон. Мал өөрөө малчин хүний өмч мөн үү гэвэл мөн. Мөн юм бол иргэн өмчийнхөө төлөө өөриймсөг сэтгэлээр хандмаар байна. Тэгэхгүй болохоор анхны цаснаар л амаа билүүдэж, алгаа тосч төрөөс өвс нэхэж байна. Төрийг төлөөлөөд сууж байгаа хүмүүс нь утсаар ярьж, хий хоосон тоо зохиож өөрийнхөө ажлыг дүгнүүлээд л. Төрийн ажил гэдэг үнэн хэрэгтээ хоосон тоон дунд л хөвж явна шүү дээ.

-Шинэ он гарч байна. Шинэ сэргэг бодлого ч хэрэгжих юм байна гэдгийг иргэд таны ярианаас ойлгосон байх. Тэр хэмжээгээр таны хийх ажил ч энэ онд их байна гэдэгт итгэж байна . . .?

Их олон зүйлийг хиймээр байна. Хийхийн тул хамгийн эхэнд үнэн зөв мэдээлэл хэрэгтэй байдаг. Тиймээс иргэдтэйгээ, сумдтайгаа илүү ойр дотно байж үнэн мэдээллийг авч бодитой дүгнэлтийг гаргая, үнэнд суурилсан үрэлгэн бус бүтээлч ажлуудыг хийе. Хаа хаанаа хариуцлагатай байя. Хариуцлагатай байхын тулд хамгийн эхлээд бид өөрсдөөсөө эхэлье. Төрийн албаны шинэчлэл нь өөрөө хариуцлагатай байхын эхлэл. Өнөөдөр том том машин унасан, төсвийн мөнгийг хий дэмий цацсан дарга нар олширсон байна. Тэдний унаа тэргийг шошгожуулая, тэдний ажлын чиг үүрэгт ч анхаарая. Анхаарна гэдэг нь хална гэсэн үг биш л дээ. Хүн угаасаа нэг газар удаад ирэхээрээ хөшүүн, хойрго болоод ирдэг. Тиймээс чиг үүргийг нь өөрчлөх тал дээр ажиллах шаардлага байна. Энэ сургаар зарим хүмүүс айж байж магадгүй. Ажил хийдэггүй хүн л айх ёстой. Ажлаа хийгээд явж байгаа хүнтэй бид хамтраад ажиллана. Энэ бүхний нөгөө талд иргэдийн үүрэг, хариуцлагыг ярихаас өөрцгүй. Утааны асуудалд анхаарая гээд эхний ээлжинд утаагүй зуухыг салхины дээр байгаа өрхүүдэд олгоё гэтэл нөгөө зуухаа үнэгүй өгөхийг шаардаж байна. Тэгэхээр нь цахилгааны асуудалд дээр нь дэвшил гаргая гэнгүүт хөнгөлөлт бас л шаардаж байна. Эцсийн эцэст утааны асуудлыг бүгдээрээ ярьж, жигшдэг хирнээ утаатайгаа тэмцэх тал дээр юу ч хийхгүй л байна. Тиймээс бид хариуцлагатай байя, иргэд маань ч хариуцлагатай бай. Хэн хэнээсээ хариуцлагаа нэхдэг байя, шаарддаг байя. Бид иргэдийнхээ үзэл бодлыг сонсдог байх үүднээс Иргэний танхимыг ажиллуулж эхэлсэн. Үйл ажиллагаа нь идэвхжээд ирэхээр иргэд маань аяндаа хариуцлагаа ойлгоод явах байх. Ер нь бол ард түмний амьдрал яахаа алдталаа доошоо орчихсон юм алга. Өмнө нь бид хэн сэргэлэн нөхөрт нь боломжийг олгоод яваад байсан. Одоо тэгвэл хэн юм хийх эрмэлзэлтэй байна, тэр хүнд боломжийг олгоно. Сая говийн сумдад ажлаад иргэдтэйгээ уулзаад тэднийхээ үгийг сонсоод санал хүсэлтийг нь аваад ирлээ. Одоо бид энэ  сараас эхлэн хангайн сумдад, бүх багт нь хүрч ажиллана. Өвөлжилтийн асуудлаар явахаас гадна, тухайн сум орон нутагт тулгамдсан бусад бүхий л зүйлсийг нэг бүрчлэн сонсох болно. Хариуцлагатай, бас хурдтай ажиллаж байж л дэлхийн жишигт хүрнэ.

-Ярилцлагынхаа төгсгөлийн асуултыг танд үлдээе?

Баярлалаа. Иргэдийнхээ эрх ашгийн төлөө, аятай тухтай орчин бий болгохын төлөө хичээн ажиллах болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%