Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар

2015-10-22

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  нь нутгийн өөрийн удирдлагын байгууллагад хуулиар олгосон үүргээ биелүүлж нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай нягт  хослуулах замаар орон нутгийн ажил үйлсийг уялдуулж зохицуулах, хөтөлбөр, дүрэм, журмыг боловсронгуй болгох, орон нутгийн өмч, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх талаар санаачилгатай ажилласаар ирлээ.
 Түүхэн хугацаанд орон нутгийн хурлыг сонгох сонгууль зургаан удаа явагдаж, тухайн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан бүх шатны хурлууд тухайн цаг үедээ өмнөх ажлуудын залгамж халааг хадгалан хөгжүүлж, өөр өөрийн онцлог бүхий олон өвөрмөц ажлуудыг зохион байгуулж ирсэн бөгөөд аймгийн эдийн засаг нийгмийг  хөгжүүлэх зорилт, хөгжлийн хөтөлбөрүүдийг батлах, хяналт тавих,  төсвийн орлого, зарлагад тавих хяналтыг сайжруулах, бодлого шийдвэр гаргах, хяналт тавих түвшинд иргэдийн оролцоог өргөжүүлэх, санал шүүмжлэлийн мөрөөр зохиох ажлыг тогтмолжуулах, хурлын байгууллагын материаллаг бааз, ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх, Хурал, Засаг даргын үйл ажиллагааны  нэгдмэл  байдлыг хангах, хурлын төлөөлөгчид, ажилтуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, зохион байгуулсан  үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчлах, иргэдэд хүргэх  ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдаж, тэр дагуу орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоо шинээр бүрэлдэн тогтсоны 20 жилийн  хөгжлийн ололт, алдаа оноог дүгнэж цаашдын хийх ажлыг оновчтой төлөвлөх шаардлага зүй ёсоор урган гараад байна.
Үүнтэй холбогдуулж Нутгийн өөрөө удирдах байгууллагыг цаашид жинхэнэ ёсоор төлөвшүүлэхэд анхаарах асуудлын талаар тухай эрдэмтэн судлаачдаас  хийсэн судалгаа дүн, олон улсын практик туршлагад тулгуурлан авч үзэхийг хичээсэн болно.  
Өөрөө хэлбэл НӨУБ өнөөгийн байдал, цаашид хийх ажлынхаа талаар та бүхэнтэй ярилцаж, санал  бодлоо нэгтгэж зохих шийдэлд хүрэхийг гол зорилт болгож байна.
Монгол улсын 1992 оны үндсэн хуулиар нутгийн удирдлагын тогтолцоо шинэчлэгдэн, нутгийн өөрөөр удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах тухай зааснаар төрийн төвлөрсөн удирдлагыг халж, нутгийн захиргааны байгууллагатай хослон ажиллах үүрэг бүхий нутгийн өөрөө удирдах байгууллага /ИТХ, ИНХ/ -ууд байгууллагдсан билээ. Эдгээр хурлууд нь иргэдийн эрх ашиг сонирхлын асуудлыг бүхэлд нь хамаарч, ардчилсан тогтолцооны суурь, иргэн төвтэй нийгмийн үндэс болж зохицуулагддаг иргэний нийгмийн байгууллага юм.
Төрийн удирдлагыг нутгийн өөрийн удирдлагатай хослуулах орон нутгийн удирдлагын тогтолцоо нь манай төрийн уламжлал шинэчлэлийг агуулсан, нутгийн удирдлагын 2 субьектийн эрх мэдлийг тэнцвэртэй байлгах,  аль нэг талыг давуу эрх мэдлээс сэргийлэх зарчмыг удирдлага болгосон онцлогтой байлаа.

Өнгөрсөн өнгөрсөн жилүүдэд нутгийн удирдлагын 2 субьектийн эрх мэдлийг тэнцвэртэй  байлгаж хослуулах, ялангуяа шинэ тутам болохын хувьд НӨУБ-ыг төлөвшүүлж хөгжүүлэх талаар зохих бэрхшээлийг давж багагүй  туршлага хуримтлагджээ.

Энэ талаас төр засгаас эрх зүйн орчинг сайжруулах, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, материаллаг баазаар бэхжүүлэх талаар анхаарч арга хэмжээ авч ирсэний дээр МНУХ байгууллагдаж ажилласан нь НӨУБ-ыг төлөвшүүлж бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж байна.
Өнгөрсөн хугацаанд нутгийн өөрөө удирдлагын байгууллагууд хөгжлийн 2 үе шатыг туулж ирсэн гэж үзэж болно.
1-р үе шат нь 1992-1994 оныг хамарч байна. Энэ нь нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлэх үе шат юм. Энэ үе шатанд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиуд батлагдсанаар ажиллах эрхзүйн орчин бүрдэж, ИТХ-ын сонгууль явагдаж, орон нутгийн хурлууд байгуулагдаж, Засаг даргаа томилох, ЗДТГ-ыг эмхлэн байгуулах нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг тогтоох зэрэг арга хэмжээнүүд хэрэгжсэн байна.
Түүнчлэн зах зээлийн эдийн засгийн харилцааны үед Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудын чиг үүргийг эхнээс нь оновчтой зөв тодорхойлох, боловсон хүчнийг сургах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.
Нутгийн удирдлагын байгууллагын шинэ тогтолцооны II үе шат 1994 оноос өнөөг хүртэл үргэлжилж байна гэж үзэж байна.
Энэ үе шатанд ИТХ-ын сонгуулийн зарчмыг өөрчлөн бие даасан сонгуулийн хуультай болж, 6 удаагийн сонгуулийг амжилттай зохион байгуулсан байна.
Нутгийн удирдлагын үйл ажиллагааны тулгуур хууль болох Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсоноор аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дарга нар орон тоогоор ажиллах болж, тэдгээрийн эрх хэмжээг тусгайлан зааж өгсөн байна.
Энэ хугацаанд төр засгийн зүгээс Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын боловсон хүчнийг сургах, давтан сургах, мэргэшүүлэх сургалт семинарыг системтэй зохион байгуулж ирснээр тэдгээрт мэргэшсэн албан хаагч бүхий албад бий болсон байна.
Нутгийн удирдлагын байгууллагуудын ажиллах эрх зүйн орчин байнга боловсронгуй болж, суурь болон салбарын хуулиудад нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудын эрх хэмжээг хуульчилж ирлээ.
2006 онд хийгдсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ИТХ-ын тасралтгүй хэвийн тогтмол ажиллах механизмыг бүрдүүлэхэд чиглүүлж, хурлын хуралдааны жилд хийх доод хязгаарыг нэмэгдүүлэх, хурлын хуралдааны чөлөөт цаг Тэргүүүлэгчдийн эдлэх эрх мэдлийг өргөтгөх зэрэг асуудлууд хуульчлагдав.
Мөн хуульд өөрийн онцлогт тохирсон байнгын болон түр хороо, комисс, ажлын хэсэг байгуулах, хуралд Засаг дарга ажлаа тогтмол тайлагнаж дүгнүүлж байх, хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх, эргүүлэн татах үндэслэлийн тодруулах, нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллагын хэвийн үйл ажиллагааг гацааж зогсоочихгүйн тулд хурлын төлөөлөгчийн тоог сондгой байлгах, хурал байгуулагдаад I хуралдаанаар зохион байгуулалтын асуудлаа ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор багтаан шийдвэрлэж чадаагүй тохиолдолд тарах зэрэг заалтын нэмж оруулав.
Түүнчлэн хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцохгүй байх, хуралдааныг орхиж гарахыг хориглох, гарсан тохиолдолд тухайн өдрийн хуралдааны ирцэд оруулсан тооцож санал хураалтын эсрэг санал өгсөнөөр тооцож байх, засаг захиргааны ажилтнууд хуралд олноор орох нь нутгийн өөрөө удирдах байгууллага хуулийн хүрээнд бие даан ажиллахад сөргөөр нөлөөлж болзошгүй байгаад дүгнэлт хийж хурлын төлөөлөгчдөд нэр дэвшүүлэхийг хориглох  заалтуудын нэмж  орууллаа.
Нутгийн удирдлагын байгууллагуудаас Төрийн төв байгууллагуудтай харилцах, Хурал, Засаг даргын үйл ажиллагааны эдийн засгийн баталгааны талаар хуульд заалт оруулж, баг хорооны хурлын даргад Засаг даргын сарын үндсэн цалингийн сар дутам урамшил олгож байхаар шийдвэрлэсэн нь НӨУБ-ын үйл ажиллагааны анхан шатны нэгжийг дэмжиж байгаа чухал алхам болов.
Цаашид орон нутгийн удирдлагын төсөв, санхүү, өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдлийг нэмэгдүүлэх, татварын тогтолцоог өөрчлөх, Зарим төрлийн татварыг орон нутагт үлдээх, төрийн албаны болон бусад хуулиудад өөрчлөлт оруулах зүй ёсоор тавигдаж байна.


Баянхонгор аймгийн ИТХ-ын ажилтан Ц.Байгаль

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%