Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТЫН ЧИГ ҮҮРГИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ

2015-10-19

ИТХ нь иргэдийн амьдралд ихээхэн нөлөөтэй хамтын шийдвэр гаргах, иргэдийн дуу хоолойг орон нутгийн бодлого, төсөв, төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлд тусгах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хуулиар хүлээсэн байгууллага мөн.

2012 онд батлагдсан Төсвийн тухай хуулиар орон нутгийн мэдэлд захиран зарцуулах төсвийн хөрөнгийн хэмжээ үлэмж нэмэгдсэнтэй холбогдуулан нутгийн удирдлагын байгууллагын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоонд чухал байр суурь эзэлдэг ИТХ-ын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх хэрэгцээ зүй ёсоор тавигдаж байна.

Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлууд нь хяналтын чиг үүргийг дараах хэдэн хэлбэрээр хэрэгжүүлж байна. Үүнд:

Нэг. Хурлаас томилогдох ажиллах түр хороо, ажлын хэсэг
ЗЗНДНТУТХ-ийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Хурал нь цаг үеийн асуудлыг судлах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно гэж  заасан байна. Харин хорооны тоо, бүрэлдэхүүн, түүнчлэн Хороо болон түр хороо, ажлын хэсэг  байгуулах, түр хороог татан буулгах, тэдгээрийн ажиллах журмыг Хурал өөрөө тогтоон ажиллаж байгаа нийтлэг жишиг байна. Тухайлбал: Манай аймгийн хувьд зөвхөн өнгөрч буй 2 жилд дээрх чиглэлээр 8 ажлын хэсэг томилогдон ажиллаж, үр дүнгээ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд мэдээллэсэн байна. Үүнээс тоймолбол- Шаргалжуут рашаан сувиллын үйл ажиллагааны тухай шалгалт хийх ажлын хэсэг, Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар хүртээмж, статистик мэдээний бодит байдалд дүгнэлт хийх ажлын хэсэг,   аймгийн хэмжээнд барилгын материалын үйлдвэрлэлийг өргөжүүлэх, түүнд ашигалах ердийн ашигт малтмалын орд газрыг оновчтой тогтоож зүй зохистой ашиглах болон цаашид аймгийн стратегийн шинжтэй зарим орд газрыг хамгаалалтанд авах чиглэлээр судалгаа дүгнэлт гаргах ажлын хэсэг, аймгийн хэмжээнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний үндсэн дээр аймгийн орон нутгийн хөгжлийн санд хандиваар төвлөрч буй хөрөнгө, зарим аж ахуйн нэгжийн гэрээний үүргийн биелэлтэнд хяналт тавих зөвлөл байгуулах тухай, сумдын  орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалт, зарцуулалтанд шалгалт хийж үр дүнг тооцох, 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалтанд  хяналт тавих ажлын хэсэг, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө болон ангилагдаагүй зардлын зарцуулалт, сумдын орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зарцуулалт, үр дүнг шалгах ажлын хэсэг зэрэг олон ажлын хэсгийг томилон ажиллуулж, үр дүнг тооцож байна.
Баянхонгор аймгийн ИТХ-аас 2013-2014  онд Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хэрхэн зохион байгуулах, биелэлтийг газар дээр хянан шалгах ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжын бүх сумдад ажиллаж, ажлын хэсгийн тайланг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж аймгийн Засаг даргад холбогдох арга хэмжээ авахыг даалгасан.                  
Ийм хэлбэрээр хурлаас хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхээх томилон ажилуулж буй ажлын түр хороо, хэсгүүдийг зөвхөн ИТХ-ын төлөөлөгчид, тэргүүлэгчдээс бүрдүүлэх, эсвэл мэргэжлийн байгууллага, иргэдийг татан оролцуулах замаар хамтран хэрэгжүүлэх ажлуудыг зохион байгуулж байна.

Хоёр. Сонсгол, мэдээллийг хэлэлцэх
Аймгийн ИТХ-аас баталсан тодорхой хуваарийн дагуу нутаг дэвсгэрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын сонсголыг ажил үүргийн чиглэлийн ач холбогдлоос хамааруулан  улирал тутам, зарим чиг үүргийн байгууллагуудыг жилд нэгээс доошгүй удаа ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцэж, шаардлагатай асуудлуудаар тогтоол, зөвлөмж, тэмдэглэлээр холбогдох үүргүүдийг өгч хэвшээд байгаа нь хяналтын нэг чиг үүргийн ажил тболж байна.
 ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх тайлан, мэдээллүүдийг сүүлийн үед цахим хэлбэрт шилжүүлсэн нь цаг хугацааны хувьд шуурхай болж байна.
Ийм хэлэлцүүлэг нь тогтмолжсон нь сайн боловч хэт урсгал шинжтэй болж, голчлон тоон мэдээлэлд тулгуурласан танилцуулгын хэлбэртэй болсон нь хэлэлцүүлгийн ач холбогдол бууруулсан тал байна.

Гурав. Захиалгат шалгалт хийлгэх
Аймгийн ИТХ-аас аймгийн Аудитын байгууллага болон Мэргэжлийн хяналтын байгууллагуудад байгууллага, иргэдээс ирсэн санал гомдол, мэдээллийг үндэслэн захиалгат шалгалтыг хийлгэж байгаа нь үр дүнгээ өгч байна. Тухайлал: Аймгийн аудитын байгууллагад захиалж аймгийн төсөвт байгууллагуудын төсвийн төлөвлөлтийн бодит байдал, батлагдсан төсвийн зарцуулалтын байдал, стандарт, нормативыг баримталж буй байдал зэрэгт   шалгалт хийлгэхэд төсөвт байгууллагууд халаалт, цахилгааны зардлыг илүү төлөвлөх, илүү орон тоогоор ажилтан авч  ажиллуулах, зардал хооронд дур мэдэн гүйлгэх зэрэг ноцтой зөрчлүүд илэрснийг арилгуулах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.
Мөн тус аймагт ОУ-ын төсөл хөтөлбөрийн байгууллагуудаас оруулсан хөрөнгө оруулалтуудын бүртгэл, хадгалалт хамгаалалтын байдал, албан бус боловсрол, зуны гэр цэцэрлэгийн үйл ажиллагааны үр дүн, түүний санхүүжилтийн тухай, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт, орон нутгийн хөгжлийн сан, жижиг дунд үйлдвэрийн сангийн зарцуулалтуудад шалгалт хийлгэж үр дүнг нь хэлэлцэх ажлуудыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна.
Мөн аймгийн МХГ-аар тус аймагт баригдаж буй барилгын зургуудад магадлан итгэмжлэл хийсэн компаниудын хоорондын маргааныг шалгуулж дүгнэлт гаргуулах, Баянхонгор сумын хүнсний төв захын мах худалдаалах лангууны хүнсний аюулгүй байдал, ариун цэврийн стандарт мөрдөж буй байдалд иргэдээс ирүүлсэн гомдлыг шалгуулах

Дөрөв. Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн ажлын хүрээнд хяналт шалгалтыг зохион байгуулах ажлын хүрээнд
Аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүд РС тоглоомонд хүүхдүүдийг донтох болон аливаа эрсдэлд орох аюулаас сэргийлж РС тоглоомын газруудыг шалгаж, цаашид үйл ажиллагааг нь зогсоох эсэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулах, мөн эмийн сангуудын үйл ажиллагаанд шалгалт хийх, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх гэх мэтийн олон хэлбэрийн ажилд хяналт шалгалтын ажлуудыг зохион байгуулж байна.

Тав. Иргэдийн оролцоог хангах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран  ажиллаж, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах талаар
Аймгийн ИТХ-ийн хурлаас хяналт шалгалтын зарим чиг үүргийг олон нийтийн оролцоонд түшиглэн зохион байгуулахыг зорьж буй байна. Тухайлал: Мерси Кор ОУБ-аас хэрэгжүүлж буй “Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” төслийн хүрээнд шалгарч төсөл хэрэгжүүлж буй иргэний нийгмийн байгууллагуудаар “ Худалдан авах үйл ажиллагааны баримттай танилцаж дүгнэлт өгөх” захиалгат шалгалтын ажлыг зохион байгуулсан нь үр дүнтэй байна.

Цаашид анхаарах асуудлуудын талаар:

НҮБХХ-ийн “ИТХ-ын төлөөлөгчдийн чадавхийг сайжруулах” төслийн хүрээнд Хараат бус  судалгааны Хүрээлэнгээс хийж буй  “Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн орчин болон Нутгийн удирдлагын байгууллагуудын засаглалын тэнцвэрийг судлан санал, зөвлөмж боловсруулах судалгаа”-ны эхний хэсгийн санал дүгнэлттэй санал нэг байгаа бөгөөд үүнд:

  • Монгол Улсын 29 хуульд тодорхой салбарын бодлогын хэрэгжилтийг нутаг дэвсгэр дээрээ хянах, орон нутгийн хэмжээний бодлого боловсруулах үүргийг ИТХ-д олгосныг эргэн хянан үзэх хэрэгтэй байна. Эдгээр үүргийн ихэнхийг аймаг, сумын ИТХ-д давхардуулан олгосон байх бөгөөд санхүүгийн ямар нэгэн эх үүсвэргүй байгааг хянан үзэж, чиг үүргийн хуваарилалтад шинжилгээ хийх нь чухал байна.
  • Нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хянах чиглэл, агуулга, эрх хэмжээ, процедурыг тогтоосон журмыг холбогдох хуулийн хүрээнд ИТХ өөрөө тогтоох нь чухал.
  • ИТХ-ын шийдвэрийг хэрэгжүүлээгүй бол хүлээлгэх хариуцлага нь “Захиргааны хариуцлагын тухай” хуульд байгаа боловч үр нөлөөгүй шахам болсныг анхааран үзэх нь чухал байна. Үүнийг шийдэхийн тулд “Захиргааны хариуцлагын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын зэрэгцээ ИТХ өөрийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй бол хүлээлгэх хариуцлагыг хуулиар тогтоосон хэмжээний дотор Хурал өөрөө тогтоож байхаар хуульчлах нь нутгийн өөрөө удирдах ёсны зарчимд нийцнэ.
  • Нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавихдаа тодорхой зорилготой, төлөвлөгөөтэй, системтэй, давтамжтай хандах, ИТХ-д эргэн тайлагнах хэлбэр, хугацааг нарийвчлан тогтоох, түүнийгээ мөрдөх нь чухал юм. 
  • Одоогийн практикаар Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрт ИТХ-аас өгөх  үнэлгээ нь зарим талдаа нэгэнт субъектив шинжтэй гарах учир хүлээлгэх хариуцлага хэт нэг талыг барьсан шинжтэй (тухайлбал, нэг бол алдаа дутагдлыг нь хэт дэвэргэн огцруулахыг хичээдэг, эсвэл бүгдийг хаацайлан “толгойг нь илэх” хэлбэрээр өнгөөрөөдөг) эрүүл бус хэлбэр бий болсон;
  • Судалгааны багийн үнэлсэнээр  ИТХ нь нутаг дэвсгэрийн бүхий л байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэл, холбогдох хууль тогтоомжийн биелэлт, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр нөлөө, үр ашиг, үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж болон тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хяналт тавих бүрэн эрхтэй мэт боловч  зарим салбарын хуулиар (тухайлбал, нийгмийн даатгал, татвар, улсын бүртгэл гэх мэт) тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа албан тушаалтан, байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих асуудлыг хуульчлаагүй улмаас ИТХ-ын бүрэн эрх нь хэрэгжих үндэслэл буурдаг байдал байна.
  • Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчин нь зөвхөн хуулиар бус, өөрсдөө бие даан тогтоосон дүрэм, журмаа боловсруулан гаргах үйл ажиллагаа дутмаг байна.
  • Энэ бүхнээс үндэслэн Нутгийн өөрөө удирдах ёсны жинхэнэ мөн чанар буюу нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх Хурлын төлөөлөгчдөд улс төрийн нам, засгийн газар, орон нутгийн захиргааны байгууллагаас хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь хяналтыг бодит утгаар хэрэгжүүлэх, хариуцлагыг тооцох тогтолцооны чухал элемент юм.
Иймд нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагын хооронд засаглалын эрх мэдлийг хуваарилсан байдал, хяналт-тэнцвэрийн механизмын бодит байдал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудад ИТХ-ын хяналтын болон төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хэрхэн нөлөөлж байгаад дүн шинжилгээ хийх зэргээр тодорхой асуудлыг тухайлан судлах, санал зөвлөмж боловсруулах,хууль санаачлагчдад саналаа нэгтгэн өргөн барих  шаардлагатай байна.               
БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН  НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ЮНДЭНБАЗАР

Ц.Байгаль

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%