Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд /2025.01.14 / аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж, Засаг дарга Б.Цэрэннадмид нар аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын хамт оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Бүсийн зөвлөлүүдийг байгуулах, ажиллах журам, зохион байгуулалтын асуудлыг танилцуулж, , бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулах, 2040 хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэлэлцэхийг Аймаг, Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл, 14 эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Аймаг, Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт даалгав.
Бүсүүдийн тэргүүлэх чиглэлийг:
- Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс”,
- Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс”,
- Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
- Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс”,
- Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
- Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс”,
- Улаанбаатарын бүсийг “Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв” хэмээн тодорхойлсон.
Засгийн газар 2024-2028 онд
- Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомттой холбосон бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто зам,
- Зүүн бүсэд Буйр нуурын усан хил, 4С онгоцны буудал,
- Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц,
- Хойд бүсэд Эгийн голын усан цахилгаан станц,
- Төвийн бүсэд Шинэ Зуунмод хот,
- Хангайн бүсэд Шинэ Хархорум хот,
- Говийн бүсэд Таван толгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын хил дамнасан төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал,
- Зүүн, баруун босоо эдийн засгийн коридорыг хөгжүүлэх төслүүд зэрэг бүсийн нийгэм, эдийн засгийг дэмжсэн бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж буй юм.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар