Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ?”

2017-12-26

Төрийн үндсэн чиг үүргийн нэг нь иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, хамгаалах, хууль зөрчигчдөд хариуцлага тооцох замаар нийгэмд шударга ёс, дэг журмыг тогтооход оршдог. Тиймээс зөвхөн хууль, шүүх эрх мэдлийн байгууллагууд төдийгүй бусад төрийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийнхээ хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгэмд чиглэсэн аливаа үйл ажиллагааг хүртээмжтэй явуулдаг байх ёстой. 
Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил” нь гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа цогцолбор арга хэмжээ байдаг.
Баянхонгор аймагт энэ онд 507 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 171 нэгжээр буюу 50.8 хувиар өсч, гэмт хэргийн улмаас 1.020.958.0 сая төгрөгийн хохирол учирcан байна. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж, эрх зүйн актыг боловсронгуй болгох шаардлага, нөгөө талаар шинээр мөрдөгдөж буй хуулийг олон нийтэд сурталчлах, тэдний оролцоог нэмэгдүүлэх хэрэгцээтэй байгааг харуулж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, олон нийтийн хүчинд түшиглэх,  иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж байгаа ажилд оролцох, аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо болон үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах ажлыг хариуцан зохион байгуулах зарчимд тулгуурлана. Тиймээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх аливаа үйл ажиллагаанд иргэд олон нийтийг татан оролцуулах, нийгэм, хамт олонд чиглэсэн ажил, арга хэмжээг түлхүү зохион байгуулж, иргэдийн эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх шаардлагатай байна. 
Өнөөгийн нийгэмд иргэдийн нийгмийн идэвх сул, хууль хяналтын байгууллагаас зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд оролцох явдал хангалтгүй байгаагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд, урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлгийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ашиглан иргэдэд хүргэх нь үр дүнтэй байна. Хэвлэл, мэдээллийн байгууллага гэмт хэргийн тухай мэдээлэл хийхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөл, хор холбогдлыг олон түмэнд таниулах, сэрэмжлүүлэхийг гол зорилго болгоно гэх хуулинд заасан үүргээ хэрэгжүүлэх явдал хангалтгүй байна. 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал анхдагч хүчин зүйл нь хувь хүн, гэр бүлийн орчин юм. Иймд хүн та өөрөө хичээвэл, эрүүл нийгэм, айдасгүй амьдралыг бүтээж, амар тайван орчинг бий болгоно. 
Иймд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж иргэн та хуулийг чанд биелүүлэн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд идэвхтэй оролцож, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг уриалж байна.


ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ
ЗОХИЦУУЛАХ АЙМГИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН,
ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, 
ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.ОЮУТБОЛД 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%