Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАЛАЙД ДУСАЛ

2017-12-09

“Нутгийн удирдлага” сэтгүүлийн энэ оны эхний хоёрдугаарт таны бичсэн өгүүллүүдийг амтархан уншиж, зарим зүйлд санал бодлоо хэлмээр санагдав. 
Өгүүллүүдэд дэвшүүлсэн асуудал одоо Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахаар ид хэлэлцэгдэж байгаа үед илүү ач холбогдол өгөх магадлалтай. Аливаа нийтлэлийн гарчиг агуулгаа тодорхойлдог.
“Шилжих хөдөлгөөнийг хязгаарлая” өгүүллийн зарим санаа оновчтой биш санагдав. Шуудхан хэлэхэд эх хууль, эцэг хууль гэж яриад байгаа Үндсэн хуулинд өөрчлөлт ороогүй, энэ хуулинд заасан “оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй” гэсэн гол заалт, хэвээрээ байхад, Монгол иргэдийн шилжих хөдөлгөөн, ялангуяа Улаанбаатартаа шилжих хөдөлгөөн нэг их түргэн хязгаарлагдахгүй, яаж ч цогц байдлаар авч үзлээ гэсэн үр дүн багатай байх болов уу. Ямар ч торгууль, татвар шилжих хөдөлгөөнд нөлөөлөх учиргүй. Яагаад гэвэл Нийслэлд оршин амьдарч байгаа 1.3 сая хүний амь насны тасархай аав, ээжүүд, үр хүүхдүүд, ахан дүүсүүд нь хөдөө орон нутагт амьдарч байна шүү дээ. “Хүн ядархаараа ахан дүүсээ барааддаг, Тураг шувуу ядархаараа уулаа барааддаг” гэдэг. Тэгэхээр хүмүүсийн шилжих хөдөлгөөн тасралтгүй үргэлжилнэ. Тэрч байтугай улам нэмэгдэнэ. Малчдын тэтгэвэрт гарах нас наашилсан шүүдээ.
Ц.Баасанжав гуай “Шилжих хөдөлгөөнийг хязгаарлая” өгүүлэлдээ;
“... Нийслэл хот ачааллаа даахгүй, агаар, хөрс, орчны бохирдол аюултай байдалд хүрч, нөгөө талаас нь авч үзвэл Улаанбаатар хотод оршин сууж байгаа үндсэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах хүний эрх ноцтой зөрчигдөж байна” гэжээ.
Миний санахад “Хоноц хоноц доо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй” гэгчийн үлгэр.
Анхнаасаа төрийн бодлого, зохицуулалт, төлөвлөлт алдагдаж, хэрээс хэтэрсэн их хөрөнгийг зөвхөн Улаанбаатар хотын барилга, байгуулалтад зарцуулж, дөрвөн уулын дунд шил толин орд, харш шамбааралдуулсны гай түүтгэр гарч байна. Цус сэлбэг дургүй азийн цагаан дагина 238 жилд биш сүүлийн 40 гаруйхан жилд л хэдэн байшин барилгатай, зам талбайтай болж, жижигхэн ч гэсэн улсын нийслэл гэхэд нүүр улайхааргүй болж байна шүү дээ. 
Монголчууд бид шилжих хөдөлгөөнөө зогсоох гэж элдэв аргаар үйлээ үзэж байхын оронд арай холыг харсан ухаалаг аргаар шийдвэрлэх гэж үзвэл дээргүй юу?
1-рт: Дархан, Эрдэнэт хот, 21 аймгийнхаа төвийг хотын статустай болгочихоод хооронд нь хар зам, төмөр зам, агаарын замаар холбочихоод, шилэн барилга шилтгээнүүдийг нь нутаг нутагт нь шамбаралдуулаад өгчихвөл арай л дээр болно доо. Амьдрах аюулгүй нөхцөл нь сайжирна. 
2-рт: Дагуул хотуудыг олшруулмаар. Дэлхийн олон хүнтэй томоохон хотуудыг харахад дагуул хот олонтой байна. Улаанбаатарын дагуул хот Багануур, Багахангай, Налайхыг өргөжүүлж, тохижуулж хөгжүүлмээр. Тэрэлж, Хөшигийн хөндий, Дархан, Улаанбаатарыг холбосон төмөр зам дагуух суурингуудыг өргөжүүлмээр л санагдаж байдаг юм.
3-рт: Хүний оюун санааны толгойг л их мөлжмөөр байна. Ялангуяа барилга хот байгуулалтын яам, яамны сайд юу бодоод байна. Улаанбаатар хотод барилга нэмж болгосны хэрэггүй. Хөдөө аймаг, дагуул хотуудруу хандуулъяа.
Манай улсад онийгоотой юм их байна. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан мөртлөө эдийн засгаа унагачихсан. Утаагүй зуух олшруулсан боловч хотын утаа улам ихэссэн. Хот, аймгийн төв, дагавар хотуудыг хөгжүүлэхэд л дээрх шиг онийгоотолгүй онц анхаармаар. Хотруу нүүж, суурьш гэсэн ч нүүдэггүй малчдаа хасаад тооцоход болмоор л юмдаа. Гуравхан сая хүн. Олон сая хүнтэй улс орнуудтай жишбэл нэг тосгон, суурингийн хүн ам юмдаа.
4-рт: Нутгийн удирдлага сэтгүүлийн энэ оны №1-д “Суманд амьдрал байна” гэсэн хөөрхөн тэмдэглэл нийтлэгджээ. “Эх орон сумаас эхэлдэг” гэжээ. Сум юунаас эхэлдэг бэ? Багаас, баг юунаас эхэлдэг бэ? Айл өрхөөс эхэлдэг. Одоо орчин үед дарга, сайдууд, эрдэмтэн мэргэд хот сууриндаа улам ихээр шигдээд, улам ихээр тансаглаад, улам ихээр тохижиж бөхжөөд л хэвтээд байна. Том том онол сургаал, Монгол зан үйл, айлдаад л мэдэмхийрээд байж байна. 
Манай Монголын эдийн засгийн үндсэн салбар гэж хэлж болох мал аж ахуй, газар тариаланд яг хэн, яаж ямар нөхцөлд ажиллаж байна вэ? Энэ талаар мэдэх хүн хотод цөөн байна. Бодит үнэн чанартаа улаан тамхи, бор дарс хоёртоо болчихсон, хэр буртагтаа идэгдчихсэн хүмүүс давхиад байна. Хотынхон орон сууцандаа халуун устай, өдөр бүр усанд орж байхад малчид 365 хоногтоо халуун усанд орж чадахгүй байна. Цамцаа индүүдээд өмсчих боломжгүй. Ном, сонин, сэтгүүл гээд соёлын юм бичвэл барагдахгүй, цэглэе. Иргэдийнхээ шилжих хөдөлгөөнийг багасгая, хязгаарлая гэвэл аймаг, сум, багийн төвүүдийг тохижуулаад, томруулаад, барилгажуулаад өгмөөр байна. 

Сэтгүүлч  А.Хоогой /Баянхонгор аймгийн НӨУБ-ын ахмад настан/

Ц.Мөнхзул /2017.12.01/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%