Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ УЛСАД НУТГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ТОГТОЛЦОО ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 25 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ.

2017-11-29

МОНГОЛ УЛСАД НУТГИЙН УДИРДЛАГЫН
ШИНЭ ТОГТОЛЦОО ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ
25 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ.

Монгол Улсад энэ өдрүүдэд нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой тохиож байна.Улс эх орон, Орон нутгийн хөгжил, дэвшил нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймдээ ч Нутгийн өөрөө удирдах байгууллагын туулсан зам, нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бүрдэж төлөвших үйл явц амар хялбар байгаагүй.
Цаг хугацаа, хөгжлийн олон үе шатыг дамжиж, тулгарсан саад бэрхшээлийг давж гарч байж өнөөдөрт хүрсэн. Иймээс Нутгийн өөрөө удирдах байгууллага, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх, цаашлаад хөгжлийн чигийг тодорхойлох түүхэн цаг үе энэ мөчүүдэд тохиож байна. 
Монгол Улс 1990 онд Социалист нийгмийн тогтолцоо гхалж,  Ардчилсан нийгэмд шилжсэн тэрхүү түүхэн чухал үед ардчилсан шинэ төрийн тогтолцоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь хараахан бүрэлдэж амжаагүй байлаа.. Харин энэхүү үүргийг өмнөх нийгмийн Ардын Депутатуудын Хурал, түүний гүйцэтгэх захиргааны байгууллагууд болох төвөөс бүрэн хараат, намын бүтцээр дамжин хэрэгждэг гэж хэлж болохоор хуучин тогтолцоо хэвээр явуулж байсан юм. 
Энэ тогтолцоо нь орон нутгийн иргэдэд эрх мэдэл олгохоос илүүтэй тэдэнд хяналт тавих, ардчилалын нэг баталгаа болсон иргэний оролцоо, нийтээр хэлэлцэх зарчимтай харшилж байсан юм. 
Иймд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, удирдлагын бүтэцийг өөрчилж сайжруулах шаардлага зүй ёсоор гарч ирсэн.
Ийнхүү 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаар нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бий болж, нутгийн өөрөө удирдах байгууллага, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Иргэдийн нийтийн хурлууд байгуулагдсан билээ.
Нутгийн өөрөө удирдах байгууллагууд орон нутгийн сонгуулиар үүсч байгуулагдсан 1992 онд улс орны нийгэм эдийн засгийн байдал хүнд , иргэдийн амьжиргааны түвшин буурч, ядуурал өссөн, шилжилтийн үе байсан бөгөөд шинэ тутам байгуулагдсан Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаагаа эхэлж явуулхад багагүй саадтай тулгарсан юм. Энэ үед бүх зүйл шинэ, басхүү бэрхшээлтэй байлаа.
Өнгөрсөн хугацаанд нутгийн өөрөө удирдах байгууллага нь хөгжлийн 2 чухал үе шатыг туулж ирсэн гэж үздэг.
Нэгдүгээр үе шат нь 1992-1996 оныг хамарч байна. Энэ нь нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлэх үе шат юм. Энэ үе шатанд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулиуд батлагдсанаар ажиллах эрх зүйн орчин бүрдэж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль явагдан орон нутгийн хурлууд байгуулагдаж Засаг даргаа томилох, Засаг даргын тамгын газрыг эмхлэн байгуулах, нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц орон тоо, зохион байгуулалтыг тогтоох зэрэг ажлууд хэрэгжсэн байдаг.
Түүнчлэн энэ үед нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудын чиг үүргийг эхнээс нь оновчтой зөв тодорхойлж, боловсон хүчнийг  сургах, мэргэшүүлэх, олон нийтэд хурлын байгууллагын үйл ажиллагааг таниулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн түүхэн байсан үе юм.
Нутгийн удирдлагын шинэ тогтолцооны хөгжлийн хоёр дахь үе шат нь 1996 оноос өнөөг хүртэл үргэлжилж байна.
Энэ үе шатанд Нутгийн удирдлагын үйл ажиллагааны тулгуур хууль болох Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон юм.Үүнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тасралтгүй, хэвийн тогтмол ажиллах механизмыг бүрдүүлж, хуралдааныг жилд хийх доод хязгаарыг нэмэгдүүлэх, хурлын онцлогт тохирсон байнгын болон түр хороо, комисс, ажлын хэсэг байгуулах, нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллагын хэвийн ажиллагааг гацаан зогсоохгүйн тулд хурлын төлөөлөгчийн тоог сондгой байлгах,хуралд Засаг дарга ажлаа тогтмол танилцуулж дүгнүүлж байх,тэргүүлэгчдийн даргыг орон тооны болгох, боловсон хүчнийг сургах, мэргэшүүлэх сургалтуудыг системтэй зохион байгуулж ирснээр мэргэшсэн албан хаагч бүхий ажлын албад бий болсон юм.
Түүнчлэн өнөөдөр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төр, төсвийн салбар байгууллагууд тэдгээрийн удирдлагыг төвөөс томилдог байсныг өөрчлөж, нутгийн удирдлагын байгууллагаас төрийн төв байгууллагатай харилцах, хурал засаг даргын үйл ажиллагааны эдийн засгийн баталгааны талаар хуульд заалт оруулж баг, хорооны хурлын даргад засаг даргын сарын үндсэн цалингийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг сар тутам олгож байхаар шийдвэрлэсэн нь нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны анхан шатны нэгжийг дэмжиж байгаа чухал алхам болсон юм.
Баянхонгор аймагт нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөн энэхүү түүхэн хугацаанд орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгууль долоон удаа явагдаж, тухайн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан бүх шатны хурал нь өмнөх хурлынхаа ажлын залгамж халааг хадгалан хөгжүүлж, өөрсдийн цаг үе нөхцөл байдал, онцлогийг аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийн  байдалтай уялдуулж, нутаг орноо хөгжүүлэх, хөгжлийн олон шийдвэрийг тухай бүрт гаргаж, хэрэгжүүлсээр ирсэн юм...
1992-1996 он. Аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд байгуулагдан, засаг даргын тамгын газруудыг эмхлэн байгуулах, нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц орон тоо, зохион байгуулалтыг шинэчлэн үйл ажиллагааг нь жигдрүүлсэн он жилүүд байлаа.
Энэ цаг үе зах зээлийн эдийн засгийн шилжилтийн хүнд үе байсан бөгөөд боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэх, иргэд олон нийтэд хурлын байгууллагын үйл ажиллагааг таниулах, хурлын байгууллагыг цаашид төлөвшүүлэх эхлэлийн суурийг тавьж чадсан, түүхэн хурал байлаа...
1996-2000 он. Аймгийн хэмжээнд нийгэм эдийн засгийн байдалд бодитой дүгнэлт хийж, хэрэгжүүлэх ажлаа оновчтой төлөвлөж, ядуурлыг бууруулах, малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсролын салбарт албан ба албан бус боловсролын уялдааг сайжруулах, сумдын төвийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, аймгийн төвийн цэвэр бохир усны системийг шинэчлэх, дулаан хангамжийн менежментийг сайжруулах зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийсэн юм. Мөн Баянхонгор аймгийг хөгжүүлэх эрчимтэй хөтөлбөрийг хэлэлцэн баталж хэрэгжилтийг ханган ажилласан бөгөөд Аймгийн сүлдийг бий болгож “Аймгийн Хүндэт иргэн”, “Хүндэт өргөмжлөл”  зэрэг шагналуудыг санаачлан гаргасан үе байлаа…
2000-2004 он. Аймгийн иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, төр нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, төрийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах талаар анхаарч ажилласны үр дүнд сургууль, цэцэрлэгийн материаллаг баазыг бэхжүүлэх, өрхийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын хүрээнд сайн засаглалыг бэхжүүлэх,аймгийн гадаад харилцааг өргөжүүлж Япон улсын “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” зэрэг олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлсэн бүтээлч он жилүүд байлаа.
2004-2008 он. Аймгийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан баталж хэтийн хөгжлийн бодлогыг тодорхойлж хоршоо, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, төрийн үйлчилгээг хүртээмжтэй шуурхай болгох замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангах талаар анхаарсан он жилүүд байлаа. 
Боловсрол, эрүүл мэндийн салбарын  материаллаг баазыг бэхжүүлэх, олон улсын төсөл хөтөлбөр, байгууллагуудтай хамтран эрүү мэнд, боловсрол, амжиргааг дээшлүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хүүхдийн мөнгө олгох хөтөлбөрийн хүрээнд өрхийн менежмент, хүн амын хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийг тус тус амжилттай хэрэгжүүлсэн.
2008-2012 он. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас бодлого шийдвэртээ иргэдийн санаа бодлыг тусгах, тэдэнд хүрч ажиллах талаар анхаарч ажилласан бөгөөд аймгийн эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ниймийн дэг журмыг хангах ажлыг 20 хүний бүрэлдэхүүнтэй баг байгууллан ажилалаа. Мөн Аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхай байхаар тогтоож, “Аймгийн тогтвортой хөгжил 21-р зуун” хөтөлбөр,аймгийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батласан бодлогын он жилүүд байлаа. 
Энэ хугацаанд аймгийн нутаг дэвсгэр дээр ургаж буй болон ургуулж болох стратегийн чухал бүтээгдэхүүн үнэт эрдэнэ болсон чихэр өвс, зээргэнэ, чацаргана гэсэн 3 эрдэнэ төслийг санаачлаж хэрэгжүүлсэн бөгөөд хэрэгжилт, үр дүнд нь хяналт тавин ажиллаж байлаа.
2012-2016 он.     Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь үе үеийн нутгийн өөрөө удирдах байгууллагаас хийж хэрэгжүүлж ирсэн бүтээлч ажлуудын залгамж халааг хадгалан хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийн онцлог бүхий олон өвөрмөц ажлуудыг санаачлан, жил жилийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зорилт, хөгжлийн хөтөлбөрүүдийг батлах, хяналт тавих чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд иргэдийнхээ ая тухтай орчинд ажиллаж амьдрах таатай боломжийг бий болгохын төлөө хичээн ажиллаж байлаа. Мөн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, Засаг дарга, түүний тамгын газрын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, хурлын төлөөлөгчид, тэргүүлэгчид ажлын албаны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, Иргэдийн Төлөөлөгчдийн хуралын “Соёрхол”, “Хүндэтгэл” шагналуудыг бий болгосон юм. Түүнчлэн Аймгийн эдийн засаг ,нийгмийг хөгжүүлэх зорилт бүхий “Баянхонгор аймгийг 2016-2025 онд хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг баталсан нь нутаг орноо хөгжүүлэх томоохон алхам байлаа...
2016-2020 он. Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлж төлөвшлүүлэхэд түлхүү анхаарч, аймаг орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийгэрчимтэй хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, ард иргэдийнхээ төлөөлөх эрхийг хангах эрхэм зорилго чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. 
Энэхүү бүрэн эрхийн хугацаа нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын 7 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан бөгөөд нийт 41 төлөөлөгч, 11 тэргүүлэгч, тэргүүлэгчдийн ажлын алба нь Зохион байгуулалтын хэлтэс, Олон нийттэй харилцах хэлтэс гэсэн үндсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжитбус II хуралдаанаар 6 бодлогын хороо байгуулж, ажиллах журмыг батлан үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа бөгөөд Үүнд: Нийгмийн хөгжлийн хороо,   Санхүү, төсөв, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хороо,   Хөдөө аж ахуйн хороо,     Байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхайн хороо, Үйлдвэрлэл, Дэд бүтэц, гадаад харилцааны хороо,     Хууль эрх зүй, иргэний оролцоо, өргөдөл гомдлын хороо гэсэн гол чиглэлүүдэд хуваан үйл ажиллагагаагаа явуулж байна.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдын хурал нь Нутгийн өөрөө удирддах байгууллагад хуулиар олгогдсон үүргийн дагуу нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах замаар аймгийн Засаг дарга, түүний ажлын албатай нягт хамтран ажиллаж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд  Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх 19 дэд хөтөлбөр, 7 төсөл баталж хэрэгжүүлэхээр тусгасан юм.  
 Үүнд: “Шинэ хөдөө” хөтөлбөр, “Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих” хөтөлбөр, “Илгээлтийн эзэн” хөтөлбөр, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хос бичигтэн” хөтөлбөр ,“Соёлын ажилтан” хөтөлбөр, “Нэг уурхай-Нэг үйлдвэр” хөтөлбөр, “Агаар хөрсний бохирдлыг бууруулах” хөтөлбөр, “Эмч, эмнэлгийн ажилтан” хөтөлбөр,  “Сайн багш” хөтөлбөр, “Амины орон сууц” хөтөлбөр, “Монгол мал” хөтөлбөр, “Цахим монгол” хөтөлбөр, “Түрээсийн орон сууц” хөтөлбөр,  “Төрийн мэргэшсэн албан хаагч” хөтөлбөр, Харин төслүүдээс дурьдвал “Хуримтлалтай Баянхонгорчууд” төсөл, ,  “Баруун зам” төсөл, “Органик хүнс” төсөл, “Төрийн торгон сүрэг” төсөл, “Эрүүл бүс-Эрүүл хүнс” төсөл, “Иргэний санал-Их хуралд” төсөл “Амар тайван амьдрал” төсөл зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг бодлогын бичиг баримт болгон хэрэгжүүлхээр идэвхийлэн ажиллаж байна.  
Нутгийн өөрөө удирдах байгууллага, шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангах эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлалыг нэмэгдүүлэх нь хурлын үйл ажиллагааны төлөвшилд чухал үүрэгтэй байсаар ирсэн бөгөөд үе үеийн хуралд эмэгтэй төлөөлөгчдийн тоо, тэдний дуу хоолой, үүрэг оролцоо нэмэгдсээр байна.  
Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөн энэхүү түүхэн хугацаанд ололт амжилт, хөгжил дэвшил их байгаа ч өнөөдөр хурлын байгууллагын өмнө шийдвэрлэгдэх ёстой, шийдэл хүлээж буй олон асуудлууд байсаар байна. 
Үүнд: Засаг захиргааны анхан шатны нэгж, нутгийн удирдлагын цөм болсон багийн Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаа тогтмолжоогүй, багийн хөгжил нь иргэдийн тулгамдсан бодит  асуудлыг шийдвэрлэж чадахгүй, ажлын байр, цалин урамшуулал, тоног төхөөрөмж хангалтгүй, хөрөнгө мөнгө төсөвлөдөггүй нь орон нутгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа юм...
Иймээс Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийн чадавхыг дээшлүүлж тухайн багаас сонгогдсон Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийг сургаж мэргэшүүлэх, иргэд сонгогчидтой нь илүү тулж ажиллуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нь хөрөнгө санхүү, арга зүйгээр хангах зайлшгүй шаардлагатай байна.
Цаашлаад хурлын байгууллагын мөн чанар, эрх зүйн ойлголтыг олон нийтэд илүү таниулж, орон нутгийн удирдлагын төсөв санхүү, өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдлийг нэмэгдүүлэх, татварын тогтолцоог өөрчлөж, зарим төрлийн татварыг орон нутагт үлдээх, Төрийн албаны болон бусад хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага шийдлээ хүлээж байна.
Баянхонгор аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллага нь ирээдүйд Бүтээх чадвартай өндөр мэргэшсэн ажиллах хүчнээр хангагдсан, унаган байгаль экологийн тэнцвэрийг хадгалж, байгаль орчныхоо онцлогт зохицсон, эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлж, экспортод чиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээг бий болгож, гадаад орнуудын өөрөө удирдах ёсны байгууллагуудтай хамтран ажилладаг, хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө Монгол Улсын тэргүүлэх аймгуудын нэг болж хөгжих үндсэн зорилтыг тавин идэвхийлэн ажиллаж байна.

БАЯНХОНГОР АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 
ДАРГА Ц.ОТГОНБАЯР
2017 ОН












ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%