Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Отгонбаярын санаачлагаар Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд анх удаагаа аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаныхан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа.
Уг ажлын хүрээнд халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн багц үзлэг, цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ /эмчийн зөвлөсөн үзүүлэлтийн дагуу/, хэвлийн эхо, зүрхний эхо, бамбайн эхо, зүрхний цахилгаан бичлэг, цээж гэрэлд харуулах, нүд, чих хамар хоолой, мэс засал, умайн хүзүүний эсийн шинжилгээ болон эрүүл зөв хооллолтын талаарх үзлэг, зөвлөгөөг хүргэсэн.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг нь 2 ээлжтэй зохион байгуулагдах бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд эхний 25 хүнийг буюу 50 хувийг хамрууллаа.
Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн чадварлаг эмч мэргэжилтнүүд оношилгооны дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц, шуурхай, чанартай үйлчилгээг бидэнд хүргэж ажиллалаа. Эрүүл мэнддээ анхаардаг аль ч насны хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар эрүүл мэндийн байдлаа тодорхойлуулах, улмаар хавдар, чихрийн шижин, даралт ихдэлт, элэгний вирусын өвчлөл зэрэг халдварт болон халдварт бус өвчин эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж эмчлүүлэх, хүндрэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Тус эмнэлэгт үйлчлүүлсэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаныхан Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн чадварлаг эмч мэргэжилтнүүдэд баярласан, сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.
Ц.Мөнхзул /2017.10.02/
